Б.Ичинхорлоо: Ичигсэд хөдлөх бүр үндэсний номын сангийн дээврээс юм унадаг
Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Үндэсний төв номын сангийн захирал Б.Ичинхорлоо байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж хэлсэн үгэндээ “Манай номын сангийн барилга 1954 онд баригдсан. Арваад жилийн өмнө МХЕГ-ын улсын байцаагч ирж шалгаад ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гаргасан боловч нүүж орох шинэ байргүйн улмаас эндээ ажиллаж байна. Манай номын сангийн фонд дэлхийд танигдсан хосгүй ховор олон ном үзмэрүүдтэй. Монголчууд гал усны гашуун зовлонг хэдийгээр олон удаа үзсэн боловч хэзээ ч өөрсдийнхөө ном судраа үрэгдүүлж шатааж байгаагүй ард түмэн. Цалин цагаан мөнгөн дээр алтаар шарж бүтээсэн “Сандуйн жүд” судраас эхлээд торго, үйс, дал модны навч зэрэг дэлхийд хаана ч байхгүй оюуны болон эдийн хосгүй өв соёлыг бүтээж чадсан. Үндэсний төв номын сан бол шинжлэх ухаан, судалгааны төв, монгол судлалын соёлын гол цөм байх учиртай. Гэтэл орчин нөхцөл хүрэлцээгүй, хөрөнгө төсөв бага байгаагаас үүдэн бид өөрсдийнхөө энэ их үнэт баялгаа олон нийтэд хүргэж судалгааны гайхалтай бүтээлүүдийг гаргаж чадахгүй байна. Зөвхөн түвд номын санд л гэхэд 1.5 сая судар байгаа боловч тэрэн дотор огт судлагдаагүй судар бүтээл асар их байна. Энэ бүхнийг шинжлэх ухааны судалгаа эргэлтэд оруулах ажлыг хийх хэрэгтэй байгаа. Мөн энэ арвин баялаг өвийг хадгалалтын шаардлага хангахгүй орчинд хадгалж байна. Жил бүр ичигсэд хөдлөх үед дээврээс элдвийн юм унаж, бороо хур их орохоор дусаал гоождог болсоор удсан. Манай архивын фонд гал усны ямар ч гамшигт тэсэх ёстой алтан сав байх учиртай. Гэтэл хажуу талаас нь ус нэвчиж чийг ордог болоод байна. Манай улсад жилд 15,000 мянган ном шинээр хэвлэгддэг. Гэтэл манай номын санд жил бүр фонд баяжуулах төсөв хэмээн 40 сая төгрөг хуваарилдаг нь хаанаа ч хүрдэггүй. Шинээр хэвлэгдсэн номын ердөө 7.5 хувийг худалдан авдаг” гэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид сүүлийн 30 жил уул уурхай, хөрөнгө мөнгө босгоё гэж гүйсээр байгаад хамгийн гол зүйлээ орхигдуулжээ. Ард иргэдийнхээ оюуны соёл, боловсролд хөрөнгө оруулж, номын сангийн шинэ барилгыг яаралтай ашиглалтад оруулах ажлыг хийнэ. Сангийн сайд болон Боловсролын сайд энд надтай хамт байгаа. Шаардлагатай хөрөнгө мөнгийг өнөөдрийн хуралдаанаар шийднэ” гэлээ.