СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-23

Осол болсон уурхайн эзэд зугтаажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.НАМУУНТАМИР

.  Бид осол гарсан уурхайд очиж сурвалжлага бэлтгэлээ. Уг нь тухайн  газрыг энэ сарын 8-ны өдөр мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж, үйл ажиллагааг нь зогсоосон  байна. Гэвч хоёр хоногийн дараа хууль бусаар лацаа аван, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн  байдаг.   Ийнхүү 20-ны оройн 20:00 цагт уурхайд нуралт үүсч, осол гарч аврах анги ирэхэд нэгийг нь амьд гарган авч, гурван иргэнийг аварч чадаагүй байна.  Хохирогчид 27-46 настай, 2-4 хүүхэдтэй байсан гэдгийг хамт ажиллагсад нь ярьж байв.

Түүнчлэн осол гарсан уурхайн гадна хаалга нь МХЕГ гэсэн лацтайгаа байсан юм. Уурхайн манаачийн хэлснээр дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Налайх дүүргийн мэргэжлийн хяналт хааж, лацадсан байна. Хоёр хоногийн дараа уурхайн удирдлагууд нь ажилчдаа дуудан, одоо хэвийн үйл ажиллагаа явуулж болно хэмээсэн байна. Тухайн цооногийн  хоёр багана бяцралт өгөн, дахин хүн оруулж болохгүй хэмээн бригад ахалсан дарга нь удаа дараа сануулсаар байхад Хятад эздүүд нь үл тоон албан хүчээр дөрвөн хүнийг оруулсан байна. Улмаар бяцралт өгсөн багана нурж, 377 метрийн гүн нуралт үүсчээ.  Энэ үеэр уурхайн хятад эзэд бүгд зугтаасан боловч, тав нь баригдан, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст байцаагдаж байгаа юм байна.

“Эрдэнийн хөгжил” компанийн инженер Б.Баяр “Би бичиг баримт бүрдүүлэлтийг хариуцан ажиллаж байна. Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар энэ уурхайд 2019 онд үйл ажиллагаа явуулахыг төлөвлөөгүй байсан.  Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа уурхай юм л даа. МХЕГ хаасан уурхай. Чухам хэн энэ лацыг нь авсныг мэдэхгүй байна” гэлээ.

Уурхайд осолдож нас барсан хохирогчийн ах Э.Ууганбаяр  “Би дүүтэйгээ энэ уурхайд ажиллаад 10 гаруй хонож байна. Тухайн газар нь нуралт үүсээд цууралт өгчихсөн байсан. Ийшээгээ хүн оруулж болохгүй, нуралт үүсчихсэн байна гэхэд хятад эзэд нь хүчээр оруулсан. Тэгж хүчээр оруулаад удаагүй байтал осол гарсан юм. Осол болоод аврах анги дуудахад 10 гаруй хятад эзэн байсан. Осол болсны дараагаар тэд зугтаасан. Одоогоор уурхайн зүгээс хохирогчдын ар гэрт ямар нэгэн тайлбар хийгээгүй, эмгэнэл илэрхийлээгүй. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст монгол талыг нь хариуцсан хүмүүс байцаалт өгч байгаа гэсэн. Хариуцлага үүрэх хүн нь тодорхойгүй байна.  Цагдаагийн хэлтсээс ч тэр бидэнд ямар ч мэдээлэл өгөхгүй байна” хэмээлээ.

Уурхайн ажилчин Л.Оргилбат “Ажилчидтай жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэрээн дээр ажилчдын эрх ашиг, аюулгүй байдлыг хангана гэсэн  юм байгаагүй. Компанийн эрх ашгийг л хамгаалсан зүйл  байсан. Хятад мэргэжилтэн бидэнд заавар өгч өрөмдүүлдэг. Тухайн өдөр хятад мэргэжилтнүүдийн зааварчилгаагаар ажиллаж байсан” гэв.

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст байцаагдаж буй хятад эздээс нь ослын талаар тодруулах гэсэн боловч хяналт шалгалт, мөрдөн байцаалтын  ажиллагаа явуулж байгаа хэмээн яриа өгөөгүй юм.

2019.4.23 № 84 (6051)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.