Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр босгоод одоог хүртэл буулгаагүй болон нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй, хориглосон газарт байршуулсан сурталчилгааны 92 самбарыг албадан буулгасан байна.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх үүргийг 122 байгууллагад өгч, мэдэгдэл хүргүүлснээр 74-ийг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд албадан буулгуулсан байна. Мөн Хан-Уул дүүргийнхэн 35 байгууллагад мэдэгдэл хүргүүлснээс 24-ийг нь албадан буулгасан байна. Харин Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд хотын даргын захирамжийн дагуу ямар нэгэн ажил хийгдээгүй байна.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 24-26-ны хооронд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад иргэд, ААН-үүдийг идэвхтэй оролцуулах үүднээс иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэхэд холбогдох байгууллагууд дор бүртээ анхаарахыг санууллаа.
Худалдан авах ажиллагаа ил тод нээлттэй шилэн болгох ажлыг хийхийг шаардаж байна
Мөн тендер зарлаж, гүйцэтгэгч сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажил асар удааширалттай явж байгаа тул “Засаг даргын 2018 A/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгав. “Худалдан авах ажиллагааны газар ажлаа хийх хэрэгтэй байна. Дөрөвдүгээр сарын 1-ний дотор зохион байгуул гэсэн тендерийн ажил удааширсаар байгаад ирэх сарын 1-нд зохион байгуулна гээд явж байх юм. Хаврын их бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаа энэ цаг үед нийслэлийн төрийн байгууллагуудын ажил маш удаан байна. Худалдан авах ажиллагаа ил тод нээлттэй шилэн болгох ажлыг хийхийг шаардаж байна” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.