ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас Сангийн сайд асан Б.Болорт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж эхэлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Сангийн сайд асан Б.Болорыг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөхийг прокуророос хориглосон” гэв.
Сангийн сайд асан Б.Болорын хэлж байгаагаас үзвэл түүнийг хууль хяналтын байгууллагууд 2016 оноос эхлэн шалгаж эхэлжээ. Тэрбээр Сангийн сайдаар ажиллаж байхдаа 2016 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр 72 тоот тушаал гаргаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордоос Ерөө суманд орших төмөр замын хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг, ачиж буулгах терминалын хамт барьсан "Кью Эс Си" ХХК-д 90,135,677 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн векселийг олгосон нь хуулийн байгууллагынханд шалгагдах шалтгаан болжээ.
Сангийн сайд асан Б.Болорыг асуудалд оруулаад байгаа “Кью Эс Си” ХХК-ийн талаар товч мэдээлэл хүргэхэд
·Монгол Улсын иргэн Д.Батжавхлан, Д.Батбилэг нар хамтран 2008 оны аравдугаар сарын 31-ний өдөр “Кью Эс Си” компанийг 100 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж байжээ.
·2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Кью Эс Си” компани “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар шалгарсан.
·Засгийн газрын 2014 оны 2-р сарын 28-ны өдрийн 69-р тогтоолоор “Уул уурхай металлургийн цогцолбор” байгуулах барих-ашиглах-шилжүүлэх нөхцөл бүхий концессын эрхийг “Кью Эс Си” компанид өгсөн.
·“Кью Эс Си” компани 2015 онд 33.4 км төмөр зам тавихаар 71,299,999.99 /далан нэгэн сая хоёр ерэн есөн мянга есөн зуун ерөн ес/ ам.долларыг хөгжлийн банкнаас зээлж төмөр замаа тавьсан.
·Төсөвт ямар ч дарамт үүсгэхгүйгээр хэрэгжих байсан тус төмөр замын концессын гэрээнд 2015 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Ч.Сайханбилэгийн засгийн газар гэнэт өөрчлөлт оруулж, Төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх Концессын гэрээг барих-шилжүүлэх болгон өөрчилсөн.
· Улмаар Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны 77 дугаар тогтоолоор Төмөртэйн ордоос төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт төрийн өмчит хүлээн авч, төмөр замын төлбөрийг вексэлээр төлөх үүргийг Сангийн сайд Б.Болорт үүрэг болгосон тогтоолыг гаргасан.
Ташрамд хэлэхэд “Кью Эс Си” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлага болон хөрөнгийг 30 жилийн хугацаагаар эзэмших ашиглах эрхтэйн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахын өмнөхөн “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д 62.9 сая ам.долларыг зээлж байсан компани юм.
ЦЕГ болон АТГ-аас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэмээн “Монголион коппер корпорэйшн” ХХК, Худалдаа хөгжлийн, “Кью Эс Си” ХХК зэрэг маш олон байгууллагыг шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Хамгийн хачирхалтай нь хуулийн байгууллагынхан Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж "Кью эс си" ХХК-д 90,135,677 ам.доллартай тэнцэх хэмжээний векселийг олгосон Сангийн сайдыг нь шалгаж байгаа мөртлөө харин уг тогтоолыг баталж гарын үсгээ зурсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарыг шалгаагүй гэх мэдээлэл байна.