СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-22

ЖДҮ-чин аудитор ажилдаа үлдэнэ гэв үү?

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Х.Хулан

Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өөрийн өмчлөлийн “Цэнстайл” ХХК-даа ЖДҮХС-гаас зээл авсан өндөр албан тушаалтны нэг. Иргэдэд хүрэх зээлийг албан тушаалынхаа давуу байдлыг ашиглан авсан хэрэгт унаж тэрээр ажлаасаа түр түдгэлзсэн байгаа билээ. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь ажлаасаа түдгэлзсэн нэртэй боловч өнөөдрийг хүртэл аудитын тайлантай танилцаж, үүрэг даалгавар өгч, боловсон хүчний томилгоо хийж, албан уулзалтууд хийж байгаа гэх мэдээлэл бий.

Ерөнхий аудиторын албан тушаал бол төрийн өмч, хөрөнгийн, үүний дотор төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, түүний үр дүнд аудитын хяналт тавьж, ажлаа УИХ-ын өмнө хариуцаж тайлагнадаг цорын ганц өндөр дээд албан тушаал юм. Тэгэхээр ЖДҮ сангийн зарцуулалт, үр дүнд хяналт тавьдаг гол албан тушаалтан бол Ерөнхий аудитор өөрөө болж байгаа юм. Тэгтэл ЖДҮХС-гийн зээлээс өөрөө хуруу дүрэн авсан төдийгүй анх энэ өндөр албан тушаалд томилогдохдоо дараах хуулийг зөрчсөн болох нь харагдана. Улсын Ерөнхий Аудитороор ажиллах хүнд тавигдах шаардлага буюу Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь “...Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах аливаа ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад санхүүгийн сонирхолгүй байх.” гэсэн заалт байдаг. Энэ нь Монгол Улсын Ерөнхий аудитор хүн хувийн компанитай байх эрхгүй гэсэн үг. Тэгтэл .

ЖДҮ-гийн хэрэгт нэгэнт холбогдсоноор тэрээр өндөр албан тушаалаасаа огцрох ёстой байтал УИХ-аас түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь өнөөдрийг хүртэл дөрвөн сар гаруй хугацаанд ажил үүргийнхээ хүрээнд бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлж, нөлөөгөө хэвээр хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн нь илэрхий. Тэгээд ч Улсын Ерөнхий аудитын газар өнгөрсөн хугацаанд даргагүй байснаар тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн ажиллах боломжгүйд хүрсэн.

Түүнчлэн өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сард Сангийн сайдын нэгэн тушаал гарсан байдаг. Улсын төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны давсан орлогыг зарцуулах тухай тушаалд Үндэсний аудитын газарт нэг тэрбум орчим төгрөг олгох шийдвэр гаргасан нь Сангийн яаманд ганц хяналт тавьдаг Үндэсний аудитын газрыг “хахуульдсан” болохыг харуулна. Учир нь урьд өмнө нь Сангийн яамнаас Үндэсний аудитын газарт мөнгө шилжүүлэх, улмаар тэрхүү мөнгийг аудитын ажилтнуудын урамшуулалд өгч байсан түүх байхгүй. Ингэж Сангийн яам нь УИХ-д мэдэгдэлгүйгээр их хэмжээний мөнгө олгож, бүрэн эрх нь түдгэлзсэн албан тушаалтанд уг мөнгийг дураараа зарцуулж шамшигдуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь Засгийн газар, Сангийн сайдын зүгээс төрийн аудитын байгуулагын хараат бус байдалд нөлөөлсөн, хууль журам зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэхээр юм.

Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Үндэсний аудитын газрын 2019 оны гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүдийн зүгээс Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлснээр аудитын байгууллагын үйл ажиллагаанд доголдол гарч байгаа эсэх, Оюу толгойн Дубайн гэрээний аудитын тайлан бэлэн болсон талаар илүүтэй тодруулж байсан юм. Албан тушаалаасаа огцроогүй харин түр түдгэлзсэн байгаа Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар удахгүй албан тушаалдаа буцаж очих гэж байгаа тухай яриа ч чих дэлсэж байна. Учир нь түүнд анх ЖДҮХС-гийн зээлтэй холбогдоход л хуулиараа ёс зүйн хариуцлага хүлээлгэж, өндөр албан тушаалаас нь огцруулах хууль эрхзүйн боломж УИХ-д байсан ч түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн нь хардлага төрүүлсээр байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.