Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-т салбарын яамнаас оруулсан аудитын шалгалтаар 1.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Зөрчил гэдэг нь тус газрын дарга О.Алтансүхийн ажил захиалах гэрээ нэрийдлээр танил тал, найз нөхдөдөө давуу эрх олгон хуваарилсан мөнгөний асуудал юм. Тухайлбал, О.Алтансүх өөрийн найз, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнайн эхнэр Б.Баттуулын “Хөгжлийн академи” гэх байгууллагад 50 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь шалгалтаар илэрчээ. Гэвч тус академи энэхүү санхүүжүүлтийг гэрээнд зааснаас өөрөөр зарцуулсан гэх мэдээлэл байна.
Түүнчлэн О.Алтансүх арга зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд зориулж, “Эм-Эс-Си-Ай” ХХК-д 50 сая төгрөгийг мөн олгосон байна. Тус ХХК бол гэр бүл, хүүхэд, залуучуудын холбооны дэд дарга Б.Халиуны найз, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Нацагдолгорын удирддаг байгууллага аж.
ГБХЗХГ өмнө нь Хүүхдийн төлөө үндэсний газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхлээд энэ газрын нэрийг ийнхүү өөрчилж, О.Алтансүх даргалах болсноор тус байгууллагын төсөв жилээс жилд нэмэгдсээр иржээ.
2017 онд ГБХЗХГ-ын төсөв 396 сая төгрөг байсан бол, “Энэ мөнгөөр хүүхэд хамгааллыг хөгжүүлэх боломжгүй, хүрэлцэхгүй байна” гэсээр 2018 онд таван тэрбум төгрөгт хүргэж, өөрөөр хэлбэл эрс нэмсэн байна. Харин энэ онд төсвийг мөн л нэмж найман тэрбумд хүргэсэн атал төсвийн зарцуулалтыг зориулалтын дагуу хийсэн гэдэг нь ийнхүү эргэлзээтэй болж эхэллээ.
Өнөөдөр хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй захын ТББ-уудаас энэ газрын үйл ажиллагааны талаар сэтгэгдлийг сонсоход, “Туйлын хангалтгүй” гэдэг үнэлгээг өгч байна.
ГБХЗХГ-ын вэбсайтаас харахад, “2016-2020 оны ЗГҮАХ-т туссан Гэр бүлийн талаар дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ гэжээ. Үүнд, “-Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, суралцах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангана,
Энэхүү зорилт хэрэгжиж дуусах хугацаа буюу 2020 он гарахад найм хүрэхгүй сар үлдээд байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд сандал, суудал, эрх мэдэл булаацалдахаас өөр дорвитой ажил хийгээгүй өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанаас харахад дараагийн найман сарын дотор байтугай ойрын хэдэн жилдээ дээрх зорилтууд биелэх нь үлгэр болчхоод байна.
Уг нь ГБХЗГ-ынхан төсөв хөрөнгөө дээр дурдсан гол зорилтууддаа зарцуулах учиртай. Гэтэл “Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг бий болгоно” гэсэн зорилт буюу Хүүхдийн төлөө үндэсний төвийн нэрийг сольж “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэр” болгосноос бусад ажил нь явсангүй. Энэ байгууллагын зарцуулж байсан 400 орчим сая төгрөг өдгөө найман тэрбум болтлоо “төрөл арилжсан” хэдий ч хүүхдийн хөгжил, хамгаалалд бодитой өөрчлөлт ирж байна уу гэдгийг та эргэн тойрныхоо жишээнээс харж, тунгаахад ойлгомжтой болно биз ээ.
Гэр бүлээ тэжээхийн тулд хүүхдүүд хурдан мориноос унаж бурхан болсоор байна. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болж, сэтгэлзүйн шархаа насан туршдаа даван туулж буй хүүхдүүдэд үзүүлэх эрхзүйн болон сэтгэл заслын үйлчилгээнд төрөөс үзүүлэх үйлчилгээ байхгүй хэвээр байна. Энэ үзүүлэлтүүдэд дэвшил гаргахгүй л юм бол хүүхэд хамгааллын төсөвт хэдэн тэрбумаар нь байтугай, хэдэн их наядаар нь суулгаад ч нэмэргүй. Энэ мөнгө хүүхдэдээ биш, ГБХЗХ-ын газрын хэдэн даргын танил тал, найз нөхдийн халаасыг түнтийлгэхэд зориулагдаад энэ мэтээр урссаар байх уу?