Өнгөрсөн баасан гарагт 13.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн ордны ард байрлалтай “Глобалхурд” компанийн захиалгаар баригдаж буй оффис, үйлчилгээний зориулалтын барилга дээрээс цементэн блок унаж, нэг хүнийг гэмтээсэн ноцтой зөрчил гарсан.
Машин дээрээс цементэн блок унагаж хүний эд хөрөнгө, эрүүл мэндийг хохироосон компанийн жинхэнэ эзэн нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа болох нь тогтоогдлоо.
Улсын бүртгэл мэдээллийн сангаас шүүж үзэхэд “Глобал хурд” компанийн эзэмшигч нь “Юнайтед эйшн проперти” ХХК байв. Харин “Юнайтед Эйшн проперти” ХХК 2015 оноос “Кристал интернэшнл тауэр” ХХК болгон нэрээ өөрчилж байжээ.
Харин “Кристал интернэшнл тауэр” ХХК нь “Бишрэлт групп” ХХК-ийн охин компани хэмээн Улсын бүртгэл мэдээллийн санд бүртгэгджээ.
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк дампуурч олон зуун иргэнийг хохироосон дуулиан намжаагүй байхад өөр нэг компани нь хариуцлага алдаж иргэний эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулаад байна.