Улаан өндөгний баярын мөргөлийн үеэр Шри Ланка улсын Христийн сүмүүд, зочид буудлуудад найман удаагийн дэлбэрэлтээр амиа алдсан иргэдийн тоо 290-д хүрч, 500 гаруй хүн гэмтэж шархдаад байна. Амиа алдсан хохирогчдын дунд Британи, Америк, Турк, Энэтхэг, Хятад, Дани, Нидерланд, Португаль зэрэг орнуудаас ирсэн 32 жуулчин бүртгэгджээ. Тус улсад өнгөрсөн шөнөөс эхлэн оройн 18 цагаас өглөөний 06 цаг хүртэл хөл хорио тогтоосон.
Улс оронд нь цус урсгасан халдлага гарах үед Ерөнхийлөгч Майтрипала Сирисена хилийн чанадад байсан ба Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр нэн даруй эх нутагтаа ирж даваа гарагийн өглөө Үндэсний Аюулгүйн зөвлөлийг хуралдуулжээ.
Халдлагыг хэн үйлдэв?
Одоог хүртэл халдлагыг хэн, хаанаас зохион байгуулсан нь тодорхойгүй байгаа ч террорист халдлага гэдэг нь харагдаж байна хэмээн олон улсын шинжээчид дүгнээд байна. Шри Ланкын эрх баригчид олон арван жилийн турш Тамилын салан тусгаарлагчидтай дайн зарласан ч 10 жилийн өмнө иргэний дайн дуусч хэт даврагсдын хүчирхийлэл, зэвсэгт халдлага намжсан. Зүүн Өмнөд Азид орших улсын 22 сая хүн амын дийлэнх нь Буддын шашинтай ба найм орчим хувь нь Христийн шашин шүтдэг.
Алан хядах ажиллагаанд холбоотой байж болзошгүй 24 хүнийг баривчлан саатуулжээ.
Ерөнхий сайд Раниль Викрэмэсингхийн хэлснээр Аюулгүй байдлыг хамгаалах хүчинд 10 орчим хоногийн өмнө халдлага үйлдэж болзошгүй мэдээлэл ирсэн ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй тул зохих ёсны шалгалт хийж хариуцлага тооцно гэлээ.
Аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалсаар байна
Автомат зэвсгээр хуягласан армийн цэргүүд халдлагад өртсөн бүс болоод бизнесийн дүүргүүдэд хамгаалалтад гараад байна. Энэ долоо хоногийн лхагва гараг хүртэл сургуулиудыг хааж, их дээд сургуулиудын улсын ерөнхий шалгалтыг хойшлуулан аюулгүй байдлыг өндөржүүлжээ. Facebook, WhatsApp зэрэг цахим сүлжээнүүдийг түр хугацаанд хааж олон нисэх буудлын үйл ажиллагааг түр саатуулснаар мянга мянган иргэн гэртээ харьж чадалгүй нисэх буудалд хоноглосон байна. Тус улсын Бандаранайке олон улсын нисэх буудал явах замд хоёр метр орчим тэсрэх бөмбөг байршуулсан байсныг ням гарагийн шөнө 22:15 минутад олж илрүүлжээ.
Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com