“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг албан ёсоор улс орон даяар өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм. Эхний ээлжид энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулахаар улсаас 4.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Харин 2020 оноос үлдсэн 6-12 насны хүүхдүүдийг хамруулах гэнэ. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдахаар болсон.
Тэгвэл "Хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буй эцэг эхчүүд өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэйгээ хөтөлбөрт тэнцсэн эмнэлэгт хандана. Харьяаллын хувьд өөрийн оршин суудаг дүүргээс шалгарсан эмнэлгүүдийн аль нэгэнд хандаж, эмчилгээ үйлчилгээ авах юм. Шүдний эмчилгээ олон удаагийн давтамжтай хийгддэг учраас гэрийн ойролцоох эмнэлгээ сонгох нь тохиромжтой. Гэхдээ БЗД-ийн иргэн СБД-т байрлах нэг эмнэлгээр байнга үйлчлүүлдэг бол дүүрэг харгалзахгүй тухайн эмнэлэгтээ очиж болно. 6-12 настай хүүхдэд нэн шаардлагатай шүдний тусламж, эмчилгээ авахаар бол эмнэлэгт хандах бүрэн боломжтой" хэмээн ЭМЯ-ны Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Энхмаа тайлбарлалаа.
Ингээд бид Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу “Макс молл” худалдааны төвийн ард талд байрлах “Empire dental clinic” эмнэлгийн эмчилгээний их эмч Р.Баасанжаваас зарим нэг зүйлсийг тодрууллаа.
-Хүүхдүүдээ дагуулаад очиход ямар эмчилгээ хийх вэ?
-Баянгол дүүргийнхээ хүүхдүүдийг хороо харгалзахгүйгээр үзнэ. Манай эмнэлгийн хувьд сүүлийн 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай баг хамт олон таны хүүхдийн амны хөндийд анхаарал тавих болно. Нэг хүүхдэд 60 мянган төгрөг зарцуулахаар улсаас төсөвлөсөн. Гэсэн хэдий ч ирсэн хүүхэд бүрийг эрүүлжүүлэх нь бид нарын үүрэг болж байгаа. Эцэг, эхчүүдээс ямар нэгэн үнэ төлбөр гарахгүй. Манайд ирсэн 2-6 насны хүүхдүүдийн бүх шүдийг нэг удаадаа үнэ төлбөргүй эрүүлжүүлэх эмчилгээ хийж өгнө.
-Эрүүлжүүлэх эмчилгээ гэдгийг тайлбарлахгүй юу?
-Амны хөндийд байгаа бүх цоорсон, ломбодох хэрэгтэй болон сувгийн эмчилгээ хийх хэрэгтэй бүх шүднүүдийг эмчлэх бөгөөд тэр хүүхдийн амны хөндийн бүх асуудлыг эмчлэх эмчилгээ бүгд орно гэж ойлгож болно.
-Тэгэхээр тухайн хүүхдийн нэг ч биш нэлээн хэдэн шүдийг эмчлэх шаардлагатай бол яах вэ?
-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт тусгаснаар тухайн хүүхдийн амны хөндийн бүх асуудлыг эмчлэн эрүүлжүүлэх эмчилгээг нэг удаадаа үнэ төлбөргүй хийхээр тусгасан. Тэгэхээр эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнх нь ганцхан шүдийг эмчлэх юм байна гэж ойлгож болохгүй. Өвдсөн, эмчилгээ хийлгэх хэрэгтэй бүх шүдийг нь эмчилнэ. Нэг удаа эмчлээд дуусахгүй дор хаяж 4-5 удаа ирж эмчлүүлэх болгонд ямар нэгэн төлбөр авахгүй. 2-6 насны хүүхдийн шүд нь өвдөөгүй байсан ч ирж, зөвлөгөө авч, эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хүүхдийн шүдний цоорол чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болж байна
-Хүүхдүүдийн дунд шүдний ямар өвчлөл илүү зонхилж байна вэ?
-Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийн сүүн шүд ургаж байгаа үед нь мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ зөвлөгөө авдаггүй. Сүүн шүд нь унаад ясан шүд ургах юм чинь гээд орхидог нь буруу. Үүнээс болж ясан шүд нь гажилттай ургах, эмчилгээ хийлгээгүй улмаас халдварт бус өвчин амны хөндийгөөр дамжин тусах эрсдэлтэй байдаг.
-Танай эмнэлгийн хувьд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хэрэгжүүлж ажиллаж байгаа вэ?
-Ирж байгаа хүүхдэд хэрхэн шүдээ угаах талаар зааж, эцэг, эхчүүдэд хэрхэн арчлах талаар түлхүү зөвлөгөө өгнө. Нэг удаа бүрэн эмчлээд явуулсан гэсэн ч дахиж бид нарт хандан эмчилгээ, зөвлөгөө авах бүрэн боломжтой.
Монгол Улсын Шүдний ерөнхий мэргэжилтэн шүдний салбар зөвлөлийн дарга, профессор Б.Амарсайхан “Сүүлийн жилүүдэд хүүхэд ялангуяа 2-12 насныхны дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэсч байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 настай хүүхдийн дунд 2016 онд судалгаа хийсэн. Уг судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 хувь гарсан. Хүүхдийн шүдний цоорол чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болж байна. Судалгаагаар нэг хүүхдийн шүдний өвчлөл хүний амьдралаас 2.3 өдрийг хорогдуулж байдаг. Нэг хүүхдийн ганцхан шүдийг эмчлэхэд дор хаяж 60 мянган төгрөг зарцуулдаг. Тэгвэл уг хөтөлбөр хэрэгжиснээр тухайн хүүхдийн амны хөндийг бүх асуудлыг эмчлэх юм” хэмээв.