МАХН-ын Бага чуулганы дөрөвдүгээр хуралдаан өнгөрсөн бямба гарагт болж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэхээ хэлэлцэн шийдвэрлэжээ. МАХН-ын Гүйцэтгэх товчооноос нөхөн сонгуульд намаа оролцуулах нь зүйтэй гэсэн саналыг Бага чуулганаараа хэлэлцүүлсэн юм. МАХН-ын Бага чуулганы гишүүд Гүйцэтгэх товчооноос оруулсан уг саналыг дэмжин баталгаажуулав. Мөн хуралдаанаар МАХН-ын мянгатын шинэ дарга нарыг Бага чуулганы гишүүнээр батламжилжээ. Тус намын дүрэмд Мянгатын дарга нь Бага чуулганы гишүүн байна гэж заасан байдаг. Үүний дагуу Хөвсгөл аймгийн 37, 39, Сүхбаатар дүүргийн 60, Баянзүрх дүүргийн 50, 53 дугаар мянгатын даргаар шинээр сонгогдсон Х.Бээжин, Э.Магнайбаяр, Л.Мөнхсайхан, Т.Батзориг, Г.Золзаяа нар Бага чуулганы гишүүн болсон байна. Түүнчлэн Дархан-Уул аймгийн түмтийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Атарцэцэг, Нийслэлийн түмтийн зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Баттүшиг, Хан-Уул дүүргийн МАХН-ын гишүүн Д.Цэнгэл, О.Цэндсүрэн нарыг Бага чуулганы гишүүнээр сонгож батламжилжээ. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН Шинэ дээд Үндсэн хуулийн төслөө ард түмнээр хэлэлцүүлэн улс орон даяар өргөн хүрээтэй ажиллаж байгаа. Энэ ажлаа улам эрчимжүүлж, идэвхтэй ажиллах шаардлагатай байгаа. Үүнд мянгатын дарга нар чухал үүрэгтэй” гэж онцолсон байна.