СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-22

Дэлхийн хамгийн залуу эмэгтэй нисгэгч мөрөөдлөө биелүүлжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Мөнх тэнгэрт дүүлэн нисдэг хөх хөлгийг жолоодож үзэхийг мөрөөдөж өсөөгүй хүүхэд ховор байх. Нисгэгчийн ажил амар биш, хүн бүр хийгээд байдаггүй. Тэгвэл эмэгтэй, цэл залуухан нисгэгч хэрхэн мөрөөдлийн атлаа хүнд бэрх ажлаа хийдэг талаар уншигчдадаа хүргэе.

Энэ бол Энни Дивя. 32 настай, “Боинг 777” онгоцны нисгэгч. Аварга төмөр шувууг жолоодож байгаа дэлхийн хамгийн залуу бас эмэгтэй нисгэгч. Дивя хүүхэд байхаасаа л хөх тэнгэрт нисэхийг мөрөөдсөөр “Эйр Индиа” компанид ажилд оржээ. Энни Дивягийн “CNN” агентлагт өгсөн ярилцлагыг сорчлон уншигчдадаа хүргэж байна.

Агуу мөрөөд

Энни Дивя: “Би хүүхэд байхаасаа л нисгэгч болохыг хүсдэг байсан. Тухайн үед онгоцоор нисэх ямар байдгийг мэддэг хүн байгаагүй. Гэхдээ л би нисэхийг хүссэн”

Хэдийгээр түүнд зааж зөвлөх хүн байгаагүй ч нислэгийн сургуульд хүсэлт илгээж, 17 настай байхад нь нисгэгчийн сургуульд сурах боломж олджээ. Сургуулийнх нь найзууд бүгд л нисэх онгоцны талаар их бага гэлтгүй мэдээлэлтэй байхад Дивяд ямар ч ойлголт байсангүй.

Энни Дивя: “Би Энэтхэгийн бөглүү жижиг тосгоноос хамгийн их хүн амтай Уттар Прадеш мужид ирсэн. Хэл аялга, соёлоос авахуулаад маш олон зүйл өөр байсан. Манай сургуулийн хүүхдүүд том хотуудаас ирсэн болохоор тэдэнд нэг их бэрхшээл тулгараагүй. Хэдийгээр бид бүгдэд алдаа, оноо зөндөө ч зөвхөн юу хэрэгтэй, юу сурах ёстой вэ гэдэг дээрээ л анхаарлаа хандуулах ёстой. Би нисгэгч болохыг хүссэн. Сайн хийе гэж анхандаа бодоогүй, зүгээр л үүнийг хийх ёстой гэдгээ л маш сайн ойлгосон.”

Гэр бүлийн дэмжлэг

Хамгийн сайхан нь түүнийг дэмждэг гэр бүл байжээ. Дивя 17 настайдаа нислэгийн сургуульд явж 19 настайдаа төгсөж “Эйр Индиа”-д ажилд орсон. Эмэгтэй хүн нислэгийн ахмад хийж байхыг хараад одоо хүртэл хүмүүс гайхдаг байна.

Энни Дивя: “Миний эцэг эх намайг маш сайн дэмждэг байсан. Санхүүгийн бэрхшээл их байсан ч тэд маань миний төлөө маш их мөнгө зарцуулсан. Тэдний дэмжлэг ч намайг амжилтад хүргэсэн. Ажлын талбар дээр гараад илүү их зүйл сурсан. Анхны нислэгээ Испани улс руу хийж байлаа. Олон улсын нислэг жолоодоод арван жил болж байна. Нислэг хийж байхад зорчигчид надаас онгоцны ахмад нь чи юм уу гэж их асуудаг.”

Өндөрт дүүлэн нис

Дивя өндөрт дүүлэн нисэх бүх үйл явцад сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг. Түүний дараагийн мөрөөдөл сурч байгаа, мэдэж байгаа бүхнээ бусадтай хуваалцах...

Энни Дивя: “Би аялж байгаадаа, дүрэмт хувцсаа өмсөхдөө гээд ажлынхаа бүх хэсэгт дуртай. Өдөр бүр өөр нисэх буудлаас өөр газар луу аялдаг. Яг одоо би шинэ онгоцууд туршиж, илүү өндөр хөгжсөн техник технологийг судалмаар байна. Бас өөрийн сурсан мэдсэнээ бусдад зааж, сургагч болохыг хүсдэг. Мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг олон хүнийг зөв зам мөрт нь хөтөлнө гэдэг гайхалтай. Охид, залуустаа хэлэхэд мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэвчээртэй байгаасай гэж хүсч байна.”

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.