Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр Дорноговь аймгийн суманд байрлах Замын-Үүд, Сайншанд зангилаанд ажиллаж, Замын-Үүдийн бүс нутгийн логистикийн шинэ төвтэй танилцжээ. Энэ үеэрээ "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг болон "Монголын төмөр зам" ТӨХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Замын-Үүдийн шинэ логистикийн төвийг “УБТЗ” ХНН түрээсээр ашиглахаар болж байгаа аж.
Ингэснээр “УБТЗ” ХНН-ын ачаа бараа тээвэрлэлт хоёр дахин өсч 800 орчим вагон буюу 16 галт тэрэг хүлээн авч, ачиж буулгах, шилжүүлэн ачилт хийх боломжтой болох юм байна.
Ташрамд хэлэхэд Б.Энх-амгалан сайдын ажиллаж буй Замын-Үүдийн шинэ логистикийн төв нь хоёр ээлжээр 24 цагийн турш ажилладаг, 128 га талбайг хамарсан талбайтай чингэлгийн,хүнд даацын, агуулахын гэсэн гурван бүстэй томоохон бүтээн байгуулалт юм. Энэ төв ашиглалтад орсноор Зүүн Өмнөд Азиас ОХУ, цаашлаад Европт ачаа барааны урсгалыг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэхэд төмөр замаас төмөр замд, автомашинаас вагонд ачиж буулгах техник, технологийн боломжит нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын эдийн засаг, тээврийн салбарт томоохон хувь нэмэр оруулж, бүс нутаг дахь олон улсын тээврийн бусад коридоруудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм байна.