Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдсон Д.Мөнхжаргалын хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй мэдээллүүдийг хүргэе.
Шадивлин зусланд гарсан түймрийн өмнө селфий зураг дарж олны танил болсон Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал маш чинээлэг нэгэн болох нь түүний 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харагддаг.
Тэрбээр 2017 онд 233 сая 723 мянган төгрөгийн орлого олсон. 5.7 тэрбумын төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууц, нэг үйлчилгээний оффистой. Банкинд 530 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 75 сая төгрөгийн авлагатай хэмээн хөрөнгө орлого мэдүүлсэн байв.
Гэвч тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийнхөө эзэмшдэг компани, ашиг сонирхол нэгтэй байгууллагуудаа санаатай болон санамсаргүй байдлаар мэдүүлээгүй болох нь дараах баримтуудаар нотлогдож байна.
Баримт 1
Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Дашнямын Мөнхжаргал өөрийнхөө танилцуулга мэдээлэлдээ 2006-2016 “Жаргалан” үндэсний цогцолбор сургуульд ажилласан хэмээн бичсэн байдаг. Гэхдээ өөрийн нөхөр Рэнбазарын Эрдэмдэлгэртэйгээ хамтран байгуулсан Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Жаргалан гурав” хэмээх цэцэрлэгийнхээ талаар огт дурдаагүй байсан нь сонин.
Улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санд “Жаргалан гурав” хэмээх бүртгэлтэй уг хуулийн этгээдийн эзэмшигч нь Д.Мөнхжаргалын нөхөр Р.Эрдэмдэлгэр байх ажээ. 2015 онд Нийслэлийн Засаг даргын А/426 дугаар захирамжаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авч байсан байгууллага яагаад ч юм 2016 оноос буюу Д.Мөнхжаргалын НИТХ-ын төлөөлөгч болсон цагаас эхлэн улсын болон орон нутгийн төсвөөс ихээхэн хэмжээний татаас авч эхэлжээ.
Тухайлбал,
2016 онд 117,500,700 төгрөг
2017 онд 147,046,100 төгрөг
2018 онд 193,901,800 төгрөгийн татаасыг улс, орон нутгийн төсвөөс авчээ.
Д.Мөнхжаргалын гэр бүлийн эзэмшдэг хувийн цэцэрлэг гурван жилийн хугацаанд 458,448,600 төгрөгийн татаасыг авч чаджээ.
Баримт 2
Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нөхөр Рэнбазар овогтой Эрдэмдэлгэртэй хамтран 2014 оны зургадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн “АХОБ” гэх компанийг хамтран эзэмших болжээ.
Гэвч тэрбээр АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус компанийнхаа талаар огт мэдүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Д.Мөнхжаргалын даргын хувьцаа эзэмшдэг гэх АХОБ ХХК “Сансар зуслан”-г ажиллуулдаг аж.
“АХОБ” ХХК Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын газартай 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, 4,950,000 төгрөгийн санхүүжилт, 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр дахин гэрээ байгуулж 3,935,400 төгрөгийн санхүүжилтийг авч чадсан байв.
Сэлфий зураг дарах хоббитой, нууцлаг тэрбумтан, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч, Жаргалан гурав цэцэрлэгийн төсвийн ерөнхийлөн захирагч Д.Мөнхжаргал НИТХ-ын төлөөлөгч болсноосоо хойш төсвөөс бараг хагас тэрбум төгрөгийн татаас авч чадсан байна.