УИХ-ын чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нэг гишүүнийг хуульд заасан үндэслэлээр эгүүлэн татсан учир өнөөдөр таван гишүүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Чуулганаар,
Монгол Улсын ерөнхийлөгчөөс санал болгосон Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь,
Ерөнхий сайдаас санал болгосон хуульч Н.Жанцанг 72.9,
УИХ-аас санал богосон С.Алтанцэцэгийг 72.3, В.Бат-Эрдэнийг 76.6, Д.Батсүхийг 70.2 хувь нь дэмжиж, томиллоо. Дээрх таван гишүүний хоёр нь буюу С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ нар хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан, сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс юм.
Ер нь хуулиндаа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй байх бөгөөд зургаан жилийн хугацаанд ажиллах ёстой. Тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог юм. Мөн эдгээр 15 гишүүн бүгд өөр өөр салбарын мэргэжилтэн байх зохицуулалттай юм.
Гэвч өнөөдөр томилогдсон хүмүүсийг хамруулж тооцвол МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн тэн хагас нь хэвлэл мэдээллийн салбарынхан болж таарч байна. Учир нь одоо бүрэн эрх нь дуусгавар болоогүй 10 гишүүний 5 нь хэвлэл мэдээллийн салбарынх бөгөөд өнөөдөр дахин хоёр сэтгүүлч нэмэгдэж байна. Энэ нь хэт нэг салбарын хүмүүс дийлэнх болсноос гадна, нэг намын хараат байдал давамгайлах хандлагатай боллоо гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байна.
Ямартай ч өнөөдөр томилогдсон гишүүдийн намтрыг танилцуулж байна.
Нэр дэвшигч Д.Өлзийбаатар - 1960 онд Улаанбаатар хотод төрсөн, төрийн шагналт, түүхийн ухааны доктор. Тэрбээр Баянхонгор аймагт түүхийн багш, Улсын төв архивд архивч, Цагаатгалын комисст судлаач, Архивын ерөнхий газрын дарга, дэд дарга, ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2016 оноос МУИС-ийн ШУС-ийн түүхийн тэнхимийн багш, судлаачаар ажиллаж байв.
Нэр дэвшигч Н.Жанцан - 1948 онд Сүхбаатар аймагт төрсөн, хууль зүйн докторын зэрэгтэй, Цэргийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Улсын прокурорын газарт хэлтсийн дарга, МАХН-ын төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн, 1992-2018 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч даргаар тус тус ажиллаж байв.
Нэр дэвшигч С.Алтанцэцэг- ОХУ-ын Ждановын нэрэмжит сургуульд бакалавр, Берлиний Гумбольдын их сургууль, АНУ-ын Сеатле хотын их сургуульд магистр хамгаалсан. МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" агентлагт сурвалжлагч, редактор, ОХУ-д суугаа тусгай сурвалжлагч, МОНЦАМЭ агентлагт гадаад сурталчилгааны ерөнхий редактор, ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
Нэр дэвшигч В.Бат-Эрдэнэ - Эрхүүгийн Улсын их сургуулийг сэтгүүлч, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын радиогийн дарга, радиогийн “Хурд” агентлагийн захирал, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны албаны захирал зэрэг алба хашиж байсан.
Нэр дэвшигч Д.Батсүх -МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг дүүргэсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хуульч-өмгөөлөгч юм.