Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Хятадын хөрөнгө оруулалттай компани Улаанбаатар хотод 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэхийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “НИТХ-ын тэргүүлэгчдийн гуравдугаар сарын 27-ны өдрийн хурал дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу Хятад Улсын компани болох “Тяньжин фүүдс” гэдэг компаниар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлүүлнэ гэсэн ажлыг хэлэлцүүлсэн. Үүний хүрээнд “Улаанбаатар агро” гэдэг компани байгуулна гэсэн санал орж ирсэн. Үүнийг НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцээд олонхи нь буцаасан. Учир нь “Хүнсний болон Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Дээрээс нь дөнгөж хөл дээрээ тогтож байгаа хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээ татаж унагах аюултай. 50 га гэдэг бол Монгол Улсын хүлэмжийн аж ахуй эрхлэлтийн 90 хувьтай тэнцэхүйц том газар” юм.
Гэтэл нийслэлийн засаг дарга С.Амарсайхан ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлсэн байдаг. Тухайн бичигт “Улаанбаатар менежмент хөрөнгө оруулалтын” компаниар дамжуулан тухайн ажлыг хийнэ гэж дурдсан байсан. Үүнээс харахад 50 га газар дээр Хятадын хөрөнгө оруулалттай компани ажлаа явуулна гэсэн үг. Хятадын 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ ажил явагдана. Энэ мэдээг сонсоод хүлэмжийн аж ахуй эрхлэж буй иргэд надтай холбогдсон.
Дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй байж, хятадын аж ахуйн нэгжийг оруулж, ногоо тариулж, түүнийгээ ард иргэддээ зарна гэдэг нь хүнсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд халдаж буй хэрэг юм
Ингээд бид Монгол Улсын Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлж байна” гэлээ. Мөн тэд "Тяньжин Фүүдс" компанид олгох гэж буй 50 га газрыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээлттэй сонгон шалгаруулалтаар хүлэмжийн аж ахуйн зориулалтаар олгохыг хүссэн. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд ЖДҮХС-ийн зээлээс олгохыг шаардсан шаардлагын хариуг тав хоногийн хугацаанд авахаа мэдэгдлээ.
-Яагаад 50 газарт хүлэмж байгуулна гэсэн юм бол?
-БНХАУ-ын Тянжин хоттой хамтын ажиллагааны хүрээнд 10 бодит ажил хийж хэрэгжүүлэхээр болж, Тянжин хотын хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын 50 га газарт хүнсний ногоо тариалах асуудлыг танилцуулсан юм. Дээрх газраас 5 га газарт өвлийн хүлэмж байгуулах юм гэсэн.
-Дээрх 50 га газрыг хаана олгохоор болсон талаар мэдэх үү?
-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 61 гарамын тэнд 26 иргэн, хоёр аж ахуй нэгжийн газрыг чөлөөлөн 50 га газрыг олгохоор болсон байна лээ.
-Хэдэн жил ашиглах талаар гэрээ байгуулсан байдаг юм болов уу?
-Тийм зүйл байхгүй. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй байж, хятадын аж ахуйн нэгжийг оруулж, ногоо тариулж, түүнийгээ ард иргэддээ зарна гэдэг нь хүнсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд халдаж буй хэрэг юм.