Ц.Даваасамбуу
Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих ажлыг хэдийнэ эхлүүлсэн талаараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр “Конгресс дахь Ардчилсан намынхан цагаачлалын хуулийг өөрчлөх ёстой. Хэрэв цагаачлалын хуулийг өөрчлөхгүй бол хэдийгээр хилийн бүсийн байдлыг хянах ажил хийж байгаа ч байдал улам дордох болно. Хана барих ажил хэдийнэ эхэлсэн” гэж твиттертээ жиргэсэн байна. Мексиктэй залгаа АНУ-ын хилийн дагуу хана барих тэрбум орчим ам.долларын гэрээг Пентагон дөрөвдүгээр сарын 10-нд хоёр компанитай байгуулсан.
Мөн АНУ-ыг чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг зогсоох арга хэмжээ авахгүй бол Мексиктэй залгаа хилээ бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хаахаар төлөвлөж буйгаа Трамп энэ сарын эхээр мэдэгдсэн удаатай билээ. Гэхдээ хилийг хааснаар АНУ-ын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрсөн юм. Вашингтоны тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэрээ АНУ, Мексикийн хилийн дагуу хана барих амлалт өгсөн. Цагаан ордны зүгээс хана барихад зарцуулагдах 25 тэрбум ам.долларыг Конгрессоор батлуулахаар хэд хэдэн удаа оруулсан ч хангалттай дэмжлэг авч чадалгүй унасан юм. Конгрессын гишүүдийн олонх нь хил орчимд дахин хана барих бус шинэчилж, засварлахад болно гэж үзсээр байгаа.
Өнгөрсөн онд тэрбээр АНУ, Мексикийн хилийн дагуу хана барихдаа Пентагоны төсвийг ашиглахаар Батлан хамгаалахын сайд Жеймс Маттистай тохиролцоод байсан ч мөн л эсэргүүцэлтэй тулгарсан юм. Эхэндээ Дональд Трамп хана барих зардлыг Мексикийн талаас гаргуулахаар төлөвлөж байсан ч Мексикийн Засгийн газар энэ ажилд нэг песо ч гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Харин Засгийн газрын мэдэгдлийн дараа Цагаан ордны тэргүүн “Мексик Улс бидэнд хилийн харуул хамгаалалтаа бат бэх байлгаж, хууль бус цагаач дүрвэгсдийн урсгалыг таслан зогсооход тусалж, хамтран ажиллах учиртай. Гэтэл эсрэгээр тус улсын цагаачлалын хууль ихээхэн учир дутагдалтай байгаа учраас бид цаашид Мехикотой энэ тал дээр хамтран ажиллахгүй” хэмээсэн.
ХАНА БОСГОХ АЖИЛ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨӨС ЯРИГДСАН
АНУ, Мексикийн хил 3145 км урт. Хана босгох асуудал олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Билл Клинтоныг Ерөнхийлөгч байхад хилээр хууль бусаар мансууруулах бодис оруулж ирэх явдалтай тэмцэх хүрээнд дээрх арга хэмжээг авах талаар яригдсан байдаг. Бага Жорж Буш 2006 онд “Secure Fence Act” баримт бичигт гарын үсэг зурж 1100 км урт хаалт босгосон. Үүнд зургаан тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн боловч ажлыг дуусгаагүй. Хил дагуух хаалтын өндөр нь янз бүр. Харин Ерөнхийлөгч Дональд Трамп 1600 км урт хана босгохоор төлөвлөж, энэ ажилд 10-12 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоо гаргасан. Анх сонгуулийн сурталчилгааны үеэр дөрвөн тэрбум ам.доллар хэрэгтэй хэмээн ярьсан байдаг. Харин мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар 25 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ. Америкийн “CNBC” телевизийн сэтгүүлчдийн тооцоолж үзсэнээр, Трампын засаг захиргаа хана барихад ойролцоогоор 15-25 тэрбум ам.доллар гаргах шаардлагтай гэв. “Washington Post” сонины явуулсан судалгаагаар ханыг босгосоны дараа зөвхөн техникийн үйлчилгээнд жилд 2.1 тэрбум ам.доллар шаардагдах аж.
ЕВРОП ТИВД ХАНА БАРИХ АЖИЛ ИДЭВХЖЭЭД БАЙНА
Сүүлийн жилүүдэд Европ тивд дүрвэгсдээс хамгаалсан хана барих асуудал улам хүчтэй яригдах болов. Өнгөрсөн 2017 оны хоёрдугаар сарын сүүлчээр Унгарын эрх баригчид дүрвэгсдээс сэргийлэх зорилгоор өргөст тор болон бусад хаалт, хашилтын хэрэгслийнхээ үйлдвэрлэлийг эрс нэмэхээр шийдсэн. Эдгээр материалыг Румын,Унгарын хилийн орчимд шинээр барих хаалтын ажилд зарцуулна.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан энэхүү ажлыг Дотоод хэргийн болон Батлан хамгаалахын сайд нартаа даалгасан байна. Үүнээс гадна Унгар Улс өнгөрсөн оны зургадугаар сард Серби, Унгарын хил дээр, дөрвөн сарын дараа Хорвати, Унгарын хил дээр хаалт барих шийдвэр гаргасан. Унгар Улс дүрвэгсдийн хямралаас өөрийгөө хамгаалаад зогсохгүй үүнээс ашиг олж байна. Өнгөрсөн 2017 онд унгарчууд Словени Улсад 24 мянган боодол өргөст тор, 16 мянган багана, 48 мянган ширхэг бэхэлгээний хэрэгсэл нийлүүлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Австри Улс Словенитай хиллэдэг хэсэгтээ хашаа босгохоор шийдэж, харин хэдхэн өдрийн дараа Словени Улс Хорватитай хиллэдэг хэсэгтээ хана босгоно гэдгээ мэдэгдэж байсан.
Мөн 2017 оны арваннэгдүгээр сард Грек, Македоны хил дээр хаалт барих ажил эхлэв.Үүнээс гадна Шинжаан Уйгарын өөртөө засах орон гаднын босогчид нэвтрэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хилийнхээ дагуу хана барихаар төлөвлөж байгаа ажээ. Шинжааны байдал өнгөрсөн оныг хүртэлх хэдэн жилийн хугацаанд тогтворгүй байсан бөгөөд үе үе халдлага гарсаар байсан юм. Монгол, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Афганистан, Пакистан болон Энэтхэгтэй хиллэдэг тус ӨЗО-ны захирагч Шохрат Закир “Шинжааны байдал өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө тогтвортой байлаа. Гэсэн ч бид сэтгэл амарч болохгүй. Исламын хэт давруу үзэлтнүүд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Шинжаан хилийн хамгаалалтаа чангатгах ажлын хүрээнд хилийн дагуу хана барихаар төлөвлөж байна” гэжээ. Мөн хилийн дагуу хяналтын камер суурилуулж, хилийн дагуух зам болон бусад дэд бүтцийг сайжруулна гэж тэрбээр мэдэгдсэн. Өнгөрсөн онд БНХАУын дарга Ши Жиньпин Шинжааны хууль тогтоогчдод хандан “Шинжаан тогтвортой байдлаа хамгаалахын тулд төмөр хана хэрэм барих хэрэгтэй” гэж хэлж байжээ.
Эх сурвалж:
http://www.bbc.com/news/ world-us-canada-43945522
https://www.thesun.co.uk/ news/2721721/donald-trump-mexico-border-wall-pictures/