Б.Манлай
Соёл урлагийн их сургууль Монголын өнөөгийн нийгмийн үнэт зүйлийн талаарх ойлголт төсөөлөл, төлөв байдлыг тодорхойлох зорилгоор “Монголчуудын үнэт зүйл” төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэгвэл гурван жил зарцуулсан энэхүү төслийн үр дүнгийн талаар эрдэмтэн судлаачид цуглаж, хуралдав. “Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний бага хуралд Соёл урлагийн их сургууль, тус сургуулийн Соёл урлаг судлалын хүрээлэн, Шинжлэх ухааны академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургууль, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн, Удирдлагын академи, “Хөгжлийн шүтэлцээ” ТББ зэрэг байгууллагын 17 эрдэмтэн судлаач оролцож, өнөөгийн монголчуудын үнэт зүйл, түүний төлөвшил, өөрчлөлт, хандлагын талаар илтгэл хэлэлцүүллээ.
Хурлыг ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, СУИС-ийн ЭШИГын дарга, доктор, дэд профессор Д.Даваасүрэн нар удирдан явуулсан бол хурлыг СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос нээсэн. Тэрбээр “Судалгаагаар монголчуудын үнэт зүйлийн тэргүүн зүйл нь гэр бүл гэж гарсан. Монголчууд гэр бүлийн үнэ цэнийг нэгдүгээрт эрэмбэлж байгаа нь ээж, ааваа хүндэтгэж ирсэн соёл нөлөөлж байгаа юм. Үнэт зүйлээ нэгдмэл байдлаар тодорхойлж чадахгүй бол тусгаар тогтнолыг мөнхөд хадгалахад хэцүү. Өөрчлөгдөж буй, глобалчлалын зуунд Монголыг Монголоор нь авч үлдэх зүйл нь үнэт зүйл. Үнэт зүйлийг илэрхийлдэг, тодорхойлдог зүйл нь урлаг соёл. Эдгээр зүйл нь Монголчуудыг зуун зуунд авч явна” гэсэн юм.
“Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний бага хуралд СУИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор (Sc.D), профессор А.Цанжид “Төр үнэт зүйл мөн болох нь”, академич, МУИС-ийн эмирет профессор С.Нарангэрэл “Монголчуудын ёс суртахууны үнэт зүйл”, доктор, СУИС-ийн Профессорын багийн тэргүүлэх профессор С.Дулам “Монголын соёлын үнэт зүйл”, Удирдлагын академийн багш, доктор, профессор Т.Лхагва “Түүх бол үнэт зүйл мөн”, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн “Монголчуудын үнэт зүйлийн хандлагад нөлөөлж буй хүчин зүйл”, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор, профессор Р.Дарьхүү “Монголчуудын ёс суртахууны үнэт зүйл: өөрчлөлт, хандлага”, СУИС-ийн ЭШИГ-ын дарга, доктор, дэд профессор Д.Даваасүрэн “Монголчуудын үнэт зүйлийн төлөвшил хандлага”, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор С.Янжинсүрэн “Буддын мэдлэг ухааныг монгол хүний төлөвшилд хэрэглэх хэрэгцээ, шаардлага”, “Хөгжлийн шүтэлцээ” ТББ-ын судлаач, доктор, профессор Х.Дондог “Монгол дархлаа нь бидний үнэт зүйл болох нь”, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Т.Чулуун “Монголын үнэт зүйл: Нэг нутаг усныхан-соёлын ландшафтын тогтолцоо”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭША, доктор С.Соёлмаа “Өнөөгийн монголчуудын сайхны тухай үзэл” гээд олон сонирхолтой сэвдээр илтгэл тавилаа.
Эдгээрээс СУИСийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэнгийн тавьсан “Монголчуудын үнэт зүйлийн хандлагад нөлөөлж буй хүчин зүйл” илтгэлээс онцолж байна. Тэрбээр “Үнэт зүйлс нь нийгэм соёлын түүхэн хөгжлийн явцад хүн төрөлхтний үнэлэмж дээр тулгуурлан бүрэлдэж бий болсон эерэг шинжүүдийн цогц юм. Үнэт зүйл бол аливаа соёл дахь юунд эрмэлзэх ёстойг заасан төсөөлөл юм. Амжилт, гэгээрэл, хангалуун байдал, эрх чөлөө, нэр хүнд, хайр гэх мэт. Үнэт зүйл бол нийгэмд хувь хүний биеэ авч явах стратегийг агуулсан оюун санааны чиглүүлэгч хүч” гэж тодорхойлжээ. Мөн үнэт зүйлийг агуулгаар нь: Гэр бүлийн үнэт зүйл (хайр энэрэл, итгэлцэл, халуун дулаан харилца), нийгмийн үнэт зүйл (боловсрол, эрүүл мэнд, хүний эрх, эрх чөлөө), mөрт ёсны үнэт зүйл (тусгаар тогтнол, хууль дээдлэх ёс), ёс суртахууны үнэт зүйл, урлаг, уран сайхны үнэт зүйл, шашны үнэт зүйл (сургаал, номлол), соёлын үнэт зүйл (биет ба биет бус соёлын өв) гэж ангилжээ. Түүнчлэн үнэт зүйлийн хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийг дотоод, гадаад гэж ангилсан байсан. Тэгвэл дотоод хүчин зүйл гэдэг нь юу вэ.
Харин гадаад хүчин зүйл нь нийгмийн өөрчлөлт, даяаршил, олон улсын бизнес, харилцаа, боловсрол, аялал жуулчлал, соёл хоорондын харилцаа, дэлхийн техник технологийн хөгжил гэсэн юм. Тэрбээр,
Хүн төрөлхтөний үнэт зүйл гэсэн сэдвээр 1500 хүнээс судалгаа авч, судалгааны тайлангаа зочдод танилцуулсан юм.
Судалгаанд оролцогчдоос “Хүний хүмүүжил төлөвшилд нөлөөлөх гол хүчин зүйлийг нэрлэнэ үү” гэхэд дийлэнх нь буюу 28.7 хувь нь гэрийн хүмүүжил гэж хариулсан бол хамгийн бага буюу 1.2 хувь нь шашин шүтлэг гэж хариулжээ. Мөн “Таны бодлоор үнэт зүйлийг төлөвшүүлэхэд хэн илүү үлгэр дуурайл үзүүлэх вэ” гэсэн асуултад дийлэнх нь “Гэр бүл, найз нөхөд, хувь хүн өөрөө, хэвлэл мэдээлэл, эрдэмтэд, уран бүтээлчид” гэж хариулжээ. Харин судалгааг том зургаар нь харвал монголчуудын уламжлалт үнэт зүйлийн хандлага харьцангуй тогтвортой байгаа нь харагдсан байна.
Үүнтэй зэрэгцээд мэдээж цаашид үнэт зүйлийг төлөвшүүлэх ажил хийх шаардлагатай нь ч харагдсан гэсэн юм. Тухайлбал, гэр бүлийн хүрээнд, албан болон албан бус боловсролоор дамжуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд. Мөн орон нутгийн түвшинд үндэстэн, угсаатны бүлгийн өвөрмөц үнэт зүйлийг хадгалах, хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Засгийн газрын түвшинд монгол үндэстэн, Монголын нийгэм тогтвортой хөгжих тулгуур үнэт зүйлсээ судлан тогтоож, бодлогоор дэмжиж хөгжүүлэх шаардлага байгааг доктор, профессор Ж.Долгорсүрэн илтгэлдээ дурдлаа.
Хурлын үеэр доктор, профессор С.Дулам “Улс үндэсний үнэлэмжийг цагаан толгойн үсгээр жагсаадаг. Үүнд, гэр бүл, улс төр, соёл, оюун санаа зэрэг олон зүйл багтдаг юм. Манайх шиг арвин түүх, соёлтой улсад тус жагсаалт нэлээд урт байх боломжтой. Соёл урлаг судлалын хүрээлэнгээс явуулсан социологийн судалгаа бий. Судалгаанд хүн амын тархалт, боловсрол, орлогын бүх түвшний 1500 хүнийг оролцуулсан. Тэдний 97 хувь нь соёлын үнэт зүйлээс монгол хэлийг чухал гэж үзсэн. 96.8 хувь нь монгол хувцас чухал гэж үзсэн. Эндээс монгол хүн эх хэл, соёлоо хамгийн үнэт зүйл гэж үзэж байгаа нь маш эерэг зүйл. Түүнчлэн судалгаагаар соёлын үнэт зүйлийг өвлүүлж, төлөвшүүлэхэд гэр бүлийн хүмүүжил чухал гэж олон хүн хариулсан байсан гэсэн юм.