Манай өвөг дээдэс махчин шувуугаар ан ав хийдэг байсан бөгөөд энэхүү шувуулахуйн ухааныг дахин сэргээхээр "Монголын Шувуулахуйн холбоо" ажиллаж байгаа билээ. 2010 онд шувуулахуйг Юнескогоос биет бус өвд бүртгэсэн байдаг.
"Монголын Шувуулахуйн холбоо", "Шувуу хамгаалах төв" ТББ-уудтай хамтран зохион байгуулсан "Монголын Шувуулахуйн өв соёл, уламжлал, шинэчлэлийн асуудал" сэдэвт амьд үзүүлэнт танилцуулгын арга хэмжээ өчигдөр болсон билээ. Энэхүү арга хэмжээнд ХААИС, УБИС-ийн оюутнууд, МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудын төлөөлөл, аялал жуулчлалын компаниудын хөтөч нар, 122 дугаар сургуулийн 8б ангийн сурагчид, иргэдийн байгаль хамгаалах зарим бүлэг нөхөрлөлийн гишүүд оролцлоо.
Энэ үеэр махчин шувууг тэжээдэг "Монголын Шувуулахуйн холбоо"-ны гишүүд болон шувуунуудыг бүртгэлжүүлэхээр болсон гэнэ
Энэ үеэр махчин шувууг тэжээдэг "Монголын Шувуулахуйн холбоо"-ны гишүүд болон шувуунуудыг бүртгэлжүүлэхээр болсон гэнэ. Уг бүртгэлд шувууны эзэн нас, хүйсийг тэмдэглэхээс гадна тухайн махчин шувууг бөгжтэй болгож, цээжинд нь чип суулгахаар ажиллаж буйгаа дурдлаа.
Шувуулахуйн холбооноос өнгөрсөн жил Төв аймгийн Аргалантын цахилгаан дамжуулах шугамд хийсэн шувуунд ээлтэй өөрчлөлтийн ажилд хяналт мониторинг хийхэд нь зориулж Амьтны эрх хамгаалах нийгэмлэгээс нэг сая төгрөг хандивлаж үйл ажиллагааг нь дэмжлээ.
Монголын шувуулахуйн холбооны удирдах зөвлөлийн дарга Х.Болдбаатар “Энэ оны наймдугаар сарын 17-нд Чингис хааны хүрээнд “Цагаан шонхор” групптэй хамтран “Үндэсний бахархал шонхрын баяр” нэртэй арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Энэ үеэр шонхор, харцага, бүргэд зэрэг махчин шувууг ойроос харах боломжтой бөгөөд төрөл бүрийн үзүүлбэр болно. Манай холбоо идлэг шонхор, харцага шувууг хамгаалах зорилготой бөгөөд махчин шувуудыг мэдэхгүй мөртлөө зарах гэсэн зорилгоор гэмтээдэг, бэртээдэг хууль бус үйлдэлтэй тэмцэх зорилготой” хэмээв.
Цаашид шувуулахуйн эрх зүйн орчныг сайжруулах, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, журам боловсруулах Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх, эрчим хүчний шугамын эрсдэлийг шийдвэрлэх, шувуулахуйтай холбоотой өв соёл, экологийн мэдлэгийг дээшлүүлэхэд иргэдийн оролцоо зэрэг асуудлаар хамтран ажиллахаар болов.