Авто раллид эрчүүдтэй мөр зэрэгцэн уралдаж, ардаа орхин барианд ордог дайчин бүсгүйгГанбатынАриунтуяа гэдэг. Энэ спортод хөл тавиад удаагүй ч гаргасан амжилт нь чамлахааргүй. Автомашины уралдаан хүссэн бүхний зориглож гардаг талбар биш. Уралдааны замд амь насаа ч алдаж мэдэх, алдар нэрээ ч цуурайтуулж мэдэх энэ спортыг ямар ч насны хүмүүс дурлаж үздэг нь тун гайхмаар. Тэр тусмаа “УАЗ”-ын ангилал хамгийн өрсөлдөөнтэй хэрнээ хамгийн эрсдэлтэйд тооцогддог. Энэ төрөлд уралдааны гараагаа эхэлж амжилтын буухиагаа үргэлжлүүлж яваа энэ бүсгүйг тэнгэрт дүүлэн нисэх шонхортой зүйрлэмээр санагддаг. Г.Ариунтуяа удам дамжсан тамирчин. Авто спортын ертөнцөд түүний хүүхэд насны гэгээн дурсамжууд үлдсэн. Аав Ганбат нь 1990-ээд оны дундуур автомашины “УАЗ” ангилалд уралддаг байсан цөөн ахмад тамирчны нэг. Аавыгаа уралдаанд оролцоход дээлийнх нь захыг мушгиж, барианд орж ирэхэд нь хөөрч, баярладаг байсан бол өдгөө аав нь түүний уралдах замд ерөөл өргөж, дээлийнх нь захыг мушгин, амжилт гаргахад нь бахархан баярладаг болжээ. Бүсгүй хүн битгий хэл эр хүн ч зүрхэлж гарамгүй эр зоригийн энэ талбар түүнд зориг тэвчээр, хатуужилтай байхаас гадна хүн чанар, хүн байхын утга учрыг ч бас сургажээ. “Хобби” булангийн хойморт уригдсан хийморилог бүсгүйн авто спортын адал явдлаар дүүрэн ертөнцөд та бүхэн аялна уу.
МОНГОЛЫНХОО ДАРХАН ХИЛИЙГ ДАВААД Л УРАГШАА ЦОЙЛСОН
-Эрчүүдийн сонирхсон эрсдэл ихтэй спортод эмэгтэй хүн дурлахад эр зориг зайлшгүй шаардагдана. адал явдлаар дүүрэн энэ ертөнц зүрх сэтгэлийг чинь юугаараа тэгтэл их татсан гэж?
-Аав маань авто спорттой олон жил нөхөрлөсөн. Би хүүхэд байхдаа аавынхаа орос машины кабинд өссөн.1996 онд болсон “Батхүлэг” автомашины тэмцээний анхны гараанаас хойш тэмцээн тасралтгүй үздэг болсон. Машин сайн барьдаг хүний хажууд суугаад явахад хүртэл гоё санагддаг шүү дээ. Тийм сэтгэгдэл төрүүлсэн хүн бол аав минь. Машин барих анхны техникүүдийг ааваасаа сурч байлаа. Аавынхаа уралдсан тэмцээн болгоныг алгасалгүй үзнэ. Аав “Батхүлэг” тэмцээнд төмөр хүлэг сойсон мэргэжлийн, анхны, ахмад тамирчдын нэг.
-Тамирчид хүүхдээ тамирчин болгох сонирхолтой байдаг. гэтэл авто спортын тамирчид тийм ч дуртай биш. өөрийн тань хувьд эрдсэл, эр зориг аль алийг нь тооцоолж байж хөл тавьсан байлгүй?
-Намайг авто раллид уралдахад аав, ээж маань баярлаж, бас шаналж хүлээдэг. “Эмэгтэй хүүхэд амьдралаа бодоорой. Санхүүгийн хувьд өндөр өртөгтэй, уралдааны замд эрсдэл ихтэй спорт. Чи эх хүн болно шүү дээ” гэж байнга сануулдаг ч тэмцээнд оролцсон амжилтын үр дүнг сонсоод цаанаа нэг баярлаж байгаа нь мэдрэгддэг юм.
-Анхны тэмцээн тамирчин хүнд урам их өгдөг дөө?
-Миний анхны уралдаан 2016 онд болсон. Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Мөсөн замын авто уралдаан”-д оролцож түрүүлсэн. Энэ тэмцээн надад урам өгснөөр зорилгодоо хүрэхээр амжилтын төлөө хөдөлмөрлөх болсон. Үүний дараа 2016 онд Монгол, Хятадын Олон улсын холын зайн “Говь ралли” тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, амжилтаа баталгаажуулсан. 2017 онд Монголын тав, Хятадын 20 эрэгтэй тамирчингтай уралдаж түрүүлсэн. Монголоос машинтайгаа очиж, уралдахад зардал өндөртэй тул ӨМӨЗО-ы “Жалам хар” клубын машинаар БНХАУ-ын кросст уралдсан. 2016 оны Хятадын раллид аавтай минь хамт уралдаж байсан ахмад тамирчидтай хамт уралдсан. Холын зайд уралдсан раллигаас хойш авто спортын амьд домог болсон туршлагатай тамирчидтай илүү ойр танилцаж, тэмцээнд хэрхэн оролцох талаар зөвлөгөө авснаар авто спортын ертөнц рүү сэтгэл шулуудан хөл тавьж байв. Мөн “Baja-2017” тэмцээний ойрын зайн уралдаанд Х байр эзлэв. Монголын Авто Мастеруудын Холбооныхон залуу тамирчдад боломж олгож, дэмжихийн тулд дээд, доод гэсэн ангилалд уралдуулж буй. Доод ангилалд IV байр эзэлж, шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарав. Дөнгөж энэ спортод хөл тавьж буй эмэгтэй тамирчны хувьд энэ бол чамлахааргүй амжилт.
-Авто ертөнцийн алдартай “Акулуудыг” ардаа орхиж түрүүлнэ гэдэг том амжилт байхгүй юу?
-Би өөрийгөө азтай гэж боддог. Тэмцээнд тамирчин хүнийг ивээдэг азын тэнгэр гэж бий. Хятадаас гараагаа эхэлсэн тэмцээний туулах зам хол, бартаа ихтэй, элс, шаварт суух энүүхэнд. Нэлээн хойгуур давхиж явсан би Монголынхоо дархан хилийг даваад л урагшаа цойлсон. Намайг нутгийн тэнгэр харсан уу, эсвэл аз ивээсэн үү, өдөр ирэх тусам урагшилсаар хоёрдугаар байранд орж байв. Тамирчин хүн техникийн сааталгүй уралдана гэдэг маш чухал. Тэр үед багийн хамтрагчдаа ч гэсэн маш их баярласан, их зүйл суралцсан. Ахмад тамирчид намайг магтахаасаа илүү загнаж зэмлэнэ бас шүүмжилнэ. Тэдний үг хэдий хатуу сонсогддог ч шүүмжлэлийг нь “Миний төлөө хэлсэн шүү дээ” гэж бодож дуртай хүлээж авдаг. Тэд “Чи ийм зүйл дээр алдаа гаргалаа. Энэ нөхрийг магтаж болохгүй, аль болох загнаж бай. Наад нөхөр чинь шартай. Хэлсэн үгийг чинь бодоод л хонож байгаа” гээд хоорондоо ярилцаж байхыг нь сонссон. Одоо тэд миний занг сайн мэддэг болсон. Уралдаанд оролцохын өмнө “Аавдаа амжилтаар бэлэг бариарай” гэж урам өгдөг юм.
ӨӨРИЙНХӨӨ ЗОРИЛГОД ХҮРЭХИЙН ТӨЛӨӨ НАДАД АЛДАХ ЭРХ БАЙГААГҮЙ
-УАЗ ангилал хамгийн өрсөлдөөнтэй хэрнээ хамгийн эрсдэлтэйд тооцогддог шүү дээ?
-Миний хувьд холын зайн раллид гурван удаа амжилттай уралдсан болохоор одоо кросст хүч сорих болсон гэж бодож "Мастер кросс"-т хурд үзэх болсон. Тиймээс кросст анхаарлаа хандуулж буй. Кросс тамирчнаас явалтын техник, ур чадвар, мэдрэмж их шаарддаг тэмцээн. Холын зайн ралли миний хувьд маш том суурь болсон. Тамирчин хүнд анхны тэмцээн нь цааш уралдах эсэхийг тодорхойлдог том сорил байдаг. Намайг анх тэмцээнд оролцох гэж байхад аав “За яахав, энэ тэмцээний чинь үр дүнг харъя” гэж хэлээд зөвшөөрсөн. Би ааваасаа нэг л удаа зөвшөөрөл авсан. Өөрийнхөө зорилгод хүрэхийн төлөө надад алдах эрх байгаагүй. Өвлийн ид хүйтнийг хүйтэн гэж бодолгүй бэлтгэл сургуулилалтаа нэг ч таслалгүй өдөр бүр шаргуу хийсэн. Мэдээж амжилт надад амархан ирээгүй. Намайг нэлээд сорьж, шалгаж байж олдсон медаль болохоор баярын нулимс өөрийн эрхгүй унагасан. Аав минь ч баярласан. Авто спортын ертөнцөд зэмлүүлж уйлсан, гомдож уйлсан, шарандаа уйлсан, баярлаж уйлсан аль аль нь бий. Миний уйлсан нулимс болгон миний хөдөлмөр байдаг. Өнгөрсөн гурван жилд би авто спортод амьдралаа харамгүй зориулж яваа.
-Өөрийг тань Японоос ирээд МУИС-д элсэн орж, хоёр ч мэргэжил эзэмшсэн гэдэг юм билээ?
-МУИС-ийн эдийн засгийн факультетийг дүүргэсэн. Би сургуулиараа, багш нараар бахархдаг. Японы эдийн засгийн сонинд Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг. Миний хувьд хэл, мэргэжлээ ашиглаад Монголын тухай эерэг мэдээлэл бэлтгэхийг хичээдэг. “Биеэ засаад гэрээ зас” гэдэг үг байдаг. Түүн шиг би багаасаа тамирчин болох бэлтгэлээ бага багаар хангасан. 12 настай байхдаа 18 настайдаа жолооны үнэмлэх аваад авто раллид уралдана гэж боддог байсан хүсэл мөрөөдөл минь биелсэн. Яг миний 18 нас хүрсэн өдөр жолооны үнэмлэх хэвлэгдэж гарсан. Би Японд суралцаж ирснийхээ дараа МУИС-д хоёр удаа суралцаж дүүргэсэн. Эхлээд хаана ч очсон гологдохгүй боловсрол, мэргэжилтэй болъё, дараа нь өөрийн гэсэн орон байртай болъё, тэгээд хүсэл мөрөөдлөө биелүүлье гэж бодож зүтгэсэн. Зүтгэсний эцэст мэргэжилтэй ч болсон, орон байртай ч болсон. Энэ бүхний дараа би зорилгодоо хүрэхээр хүсэл мөрөөдөл рүүгээ хөл тавьсан. Би учиргүй сэтгэл догдолж хөөрдөг насандаа биш харин аливаа зүйлийг тооцоолж, төлөвлөж чаддаг насандаа авто спортын тамирчин болсон. Тэгэхээр карьерээ цааш хэрхэн үргэлжлүүлэхээ, бас хэзээ зогсоохоо сайн мэднэ.
БИ-ГЭЭР АМЬСГАЛААД ЭХЭЛБЭЛ АМЖИЛТ ТЭР ДАРУЙ ЗОГСОНО
-Авто ралли аз сорьж уралддаг тэмцээн. Алдаа гаргавал амь насаа ч алдана, амжилт гаргавал алдар нэрээ ч цуурайтуулна?
-Авто ралли залуу насны спорт, товчхон хэлбэл эрсдэл ихтэй спортын нэг төрөл. Алдаа гаргавал эрүүл мэндээрээ хохирно, цаашлаад амь насаа ч алдана. Амжилт гаргавал урам зориг, эрч хүч хайрлаж, эр зориг төрүүлдэг спорт. Гараанаас гарч буй тамирчны ард бүх асуудлыг хариуцдаг баг байдаг. Үзэгчид тэднийг тэр бүр мэдэхгүй. Амжилт зөвхөн тамирчных байдаггүй юм. Тиймээс тэднийхээ цаг хугацаа, хөдөлмөр, итгэлийг тамирчин хүн даадаг байх ёстой. Итгэлийг нь ганцхан секундын дотор ч алдаж болох тул зан чанарын хувьд биеэ тоож болохгүй, сэтгэлзүйн хувьд аль болох тайван байх хэрэгтэй, багийнхантайгаа нээлттэй харилцаж, гар, сэтгэл нийлж ажилладаг байх хэрэгтэй. Хэрвээ би-гээр амьсгалаад эхэлбэл амжилт тэр даруй зогсоно. Надад олон хүн урам өгч, магтдаг ч даруухнаар талархан хүлээж авдаг. Тэдний бодож, найдаж, итгэж байгаа шиг амжилтыг би гаргаж чадах уу үгүй юу гэж өөрөөсөө асуудаг юм.
-Азийн орнуудаас Японд авто, мото ралли өндөр хөгжсөн. Сар бүр тэмцээн зохиогддог тул уралдааны тал дээр шинэлэг зүйл олж хардаг байв уу?
-Би арван жилийн сурагч байхдаа Японд суралцахаар очсон. Насанд хүрээгүй сурагчдын асран хамгаалагч нь сургууль нь болдог болохоор хатуу, чанга дэглэмтэй. Би тэнд суралцсандаа их баярладаг. Японы ард түмнээс аливаа зүйлд хариуцлагатай ханддаг болохыг олж харсан. Тиймээс сайн зүйлийг нь өөртөө шингээж, хариуцлагатай байхыг хичээсээр ирсэн. Японд Дакар раллид амжилттай уралддаг автомашины баг бий. Тэд менежменттэй ажилладаг. Тамирчныхаа аюулгүй байдлыг хангах эмч, менежментийн баг, техникийнх нь саадгүй байдлыг хангах засварын багтай байдаг нь их таалагдсан. Болдогсон бол одоо өөрийгөө хэд хувилчихмаар санагдаж байна. Нэгийг нь авто спортод уралдуулж, нөгөөг нь амьдралынхаа төлөө ажиллаж мөнгө олуулж, гурав дахь хувилбарыг нь гэртээ үнсгэлжин болгож гоёод, амттай хоол хийдэг тогооч байлгамаар ч юм шиг.(инээв)
-Авто спортын тамирчдаа даанч дэмжихгүй юм. Дэлхийд алдартай тамирчид Дакарт уралддаг. Манайхан зардлаа өөрсдөө гаргаад, багаа бүрдүүлээд бор зүрхээрээ оролцдог гэхэд чамлахааргүй л амжилт гаргадаг шүү дээ?
-Хөгжингүй оронд түлхүү хөгжсөн авто спортыг хөгжиж буй манайх шиг оронд тамирчид нь бүхэл бүтэн амьдралаа зориулж өдий зэрэгтэй дэлхийн уралдаанд оролцсоор байна. Нэгэндээ сайхан үг хэлж, урам хайрладаггүй, үйл хэргийг нь дэмждэггүй. Авто спортын тэмцээнийг дурлаж үздэг хэрнээ тамирчдыг нь дэмждэггүй. Дакар раллид хэр баргийн тамирчин уралдахгүй. Тийм их сэтгэл харам улсууд юм уу? том шалгууртай тэмцээнд тоогдоод Дакарт уралддаг тамирчдаа Монголын төр яагаад урам хайрлаад баяр хүргэчихдэггүй юм бэ. Монголын далбааг мандуулж тив дэлхий дамнан уралддаг цөөн хэдэн чадварлаг тамирчнаа яагаад хайрлаж бахархдаггүй юм бол. Өндөр зардалтай спортод амьдралаа зориулж, амь насаараа дэнчин тавьж амжилт гаргадаг юм шүү дээ. Аливаа улсын хөгжил, нэр төрд спортын тамирчдынх нь амжилт ихээхэн нөлөөлдөг. Дэлхийн хөгжилтэй улс орнууд тамирчдаа дэмжиж, бүх зүйлээр хангаж амжилтад хүргэдэг. Монголын нэрийг гаргаж, далбааг нь мандуулдаг улс бол урлагийнхан, спортын тамирчид байдаг. Тэдэнд хураасан хөрөнгө гэж байхгүй, олсон хэдэн төгрөгөө спортод эргээд зарцуулдаг. Амьдралаа золиослоод, алдаа оноо, алдар, гавьяа бодолгүй зөвхөн амжилтын төлөө өөрийгөө мартаж зүтгэдэг хүн бол яах аргагүй тамирчид. Харахад хэн ч халдаж чадахааргүй хатуу, чанга санагддаг ч амжилт гаргахдаа баярлаж баярын нулимс унагадаг зөөлөн сэтгэлтэй хүмүүс. Тэгэхээр авто спортын тамирчдаа өөр бусад спортын тамирчид шиг хүлээн авч, хайрлаж, урам өгч, баярлуулж, амжилтаар нь адилхан бахархаж чаддаг байх хэрэгтэй.
СПОРТ НАМАЙГ ОЛОН ЗҮЙЛЭЭР ӨӨРЧИЛЖ ЧАДСАН
-Ямар ч спортын тамирчныг гэр бүл, найз нөхөд, хүрээлж буй хүмүүс нь сайн ойлгож дэмжсэний үндсэн дээр амжилтын асуудал яригддаг шүү дээ?
-Тэмцээн эхлээд дуусан дуустал аав, ээж минь миний төлөө санаа зовдог. Сүүлийн үед би тэднийхээ сэтгэлийг чилээхгүй гэж боддог болсон. Амьдрал, цаг хугацааны явцад шигшигдэж үлдсэн цөөн найзтай. Найзууд маань намайг шантарвал сэтгэлийн дэм өгдөг. Машинаа засчихлаа, харин тэмцээний зардлаа дийлэхгүй нь дараагийн тэмцээнд уралдахаас гээд урамгүйхэн хэлэхэд “Өө юу гэсэн үг юм, уралдана гэж хэдэн сар бэлтгэл хийчихээд болих тухай одоо ярихгүй шүү. Заавал ор” гээд ятгана бас тусална. Амжилт тиймхэн гаргавал алдааг минь хэлж, шударгаар шүүмжилнэ. Тамирчин хүн ойлгож, дэмждэг, жаргал зовлонг нь хуваалцдаг найз нөхөдтэй байна гэдэг сайн хэрэг. Энэ бүхэн тэмцээнд амжилт гаргах бас нэг боломж. Ядаж миний сонирхдог спортын тухай яриад суух нь хүртэл сайхан санагддаг. Манай найзууд намайг тэмцээнд уралдахыг харсаар байгаад спортын тухай сайн ойлголттой болчихсон. Зарим нь бүр “Чи яагаад алдаа гаргах гээд байна. Замаа зөв сонгохгүй яасан юм бэ. Одоо ингээч, тэгээч” гээд зэмлэдэг. Зовох цагт хажууд минь байж чаддаг найзуудтайдаа их баярладаг. Тэднийхээ сайхан сэтгэлийн ачийг би амжилтаараа хариулж баярлуулна гэж хичээж л явна.
-Өртөг өндөртэй энэ спортод үрэлгэн хүн амжилт гаргахгүй гэж ярьдаг. Хэр үнэний ортой үг бол?
-Шударга хэлэхэд тамирчин болохоосоо өмнө би дэмий зүйлд цаг, мөнгө зарцуулдаг, үрэлгэн байснаа ойлгосон. Харснаа авдаг, гоёхоос гар татдаггүй байлаа. Мөнгөө аль гоё гэсэн зүйлд зарцуулдаг сул гартай байв. Хүмүүс мөнгө зээлээч гэхэд нь харамгүй өгч буян болсон байдаг юм билээ. (инээв) Спорт намайг олон зүйлээр өөрчилж чадсан. Тиймдээ ч намайг спортод уралдаж түрүүл, харин амьдралд уралд ял гэж ойлгуулсан ч юм шиг. Юм бүхэн цаанаасаа учир тохиолтой. Гараанаас гарч чадаагүй тэмцээн надад олон бий. Эвдрээд зогссон удаа ч цөөнгүй. Гэхдээ би шантараагүй. Тэмцээний эвдрэл саадыг хүндээр хүлээж авдаггүй. Ийм зүйл энэ спортод тохиолддог зүйлийн нэг гэж боддог ч алдаагаа дахин давтахгүй байхыг хичээдэг. Авто спортын тэмцээнийг бүх насны хүмүүс сонирхож үздэг. Тийм болохоор тамирчнаас сэтгэлийн эмоци, эрч хүч, сэтгэлийн хат тэвчээр шаарддаг. Түрүүлбэл учиргүй баярлаж хөөрөхгүй, хожигдвол сэтгэлээр унаж гутрахгүй байхыг энэ спорт өөрөө сургадаг. Тактик боловсруулж, тооцоолон бодож, төлөвлөж, мэдрэмжтэй уралддаг спортын төрөлд авто уралдаан ордог. Зүрх, сэтгэл хоёрыг ч тамирчнаас зэрэг шаарддаг.
ОН ЖИЛ, ЦАГ ХУГАЦАА МИНИЙ ХАМГИЙН ГОЛ ӨРСӨЛДӨГЧ
-Авто раллигаар уралддаг бүсгүйн хувьд өөртөө тавьсан зорилготой. Амжилт гаргаж, карьерээ өсгөсний дараа гэрлэх зарчим баримталдаг юм шиг санагдсан?
-Амжилт гаргахын тулд мэдээж хувийн амьдралаа нэг хэсэгтээ хойш тавина. Надад өөртөө тавьсан зорилго бий. Миний өрсөлдөгчид чадвартай, нэртэй тамирчид. Тиймээс би тэднээс дутахгүй уралдах ёстой. Зорилгоо биелүүлсний дараа л би таны асуусан бүх зүйлд анхаарлаа хандуулъя.
-Өрсөлдөгчгүй бол ямар ч тэмцээн сонирхолгүй. Өрсөлдөж байж амжилт гаргана. Хэн таны өрсөлдөгч вэ?
-Би хоёр өрсөлдөгчтэй. Нэг нь би, нөгөө нь цаг хугацаа. Өөрийгөө ялж чадахгүй бол хэнтэй ч өрсөлдөж чадахгүй. Надад уйлаад шантармаар үе олон байсан. Тийм үед өөртэйгээ ярилцдаг. Миний залуу нас, хүсэл мөрөөдөл намайг хүлээхгүй. 20 жилийн дараа анхны гараанаасаа гарч уралдсан болохоор он жил, цаг хугацаа миний хамгийн гол өрсөлдөгч.
-Хэн нэгний зөвлөгөөг сонсож, үлгэр дуурайл авдаг л биз дээ?
-Би ахмад тамирчид, аваргуудынхаа тэмцээний бичлэгийг үзэх дуртай. Тугны оролт, явалтын тактикыг нь судлан, ойлгож үзэхийг хичээдэг. Ш.Гомбодорж аварга “Уралдааныг дарааллын түвшинд үзэх биш, моторын дууг сонсож хэн хаана хэд дүгээр рагаар орж байна гэдгийг мэдрээд аль нь хожиж явааг хар” гэж зөвлөдөг. Хойшид уралдах тэмцээнүүдэд энэ зөвлөгөөг хэрэгжүүлнэ.
-Найзуудаасаа авто спортод урвуулж байна уу?
-Авто раллиг сонирхдог, дурлаж үздэг охид, бүсгүйчүүд байдаг. Тэднээс арав гаруй бүсгүй надаас зөвлөгөө авсан. Хааяа зав гаргаад уулзсан үедээ тэдэнд “Авто спортод сэтгэл хөдлөлөөр хөл тавьдаггүй юм. Гараанаас гарсан болгон тамирчин биш. Эхлээд уралдаад үз. Тэгээд энэ миний тоглох ёстой тоглоом мөн үү, биш үү гэж өөрөөсөө асуу. Тоглож болохоор байвал уралдах машинаа ав. Өөрийгөө хуурдаг хүн хэзээ ч сайн тамирчин болохгүй. Тиймээс өөртэйгээ түрүүлж ажилла. Өндөр шаардлага тавьдаг энэ спортын санхүү, аюулгүй байдал, эрсдэлийг сайн тооцоолж байж хөл тавиарай” гэж зөвлөдөг. Гараанаас ганц, хоёр гарч уралдаад энэ спортыг орхисон олон хүн бий, тэр болгон тамирчин биш шүү дээ. Авто спортод ороод би зөв хэрэглээтэй болсон, ухаалаг, зөв сонголт ч хийдэг болсон. Зарлага, зардал гаргах тусам илүү зорилготой болдог юм билээ. УАЗ 469 их хатуу явдалтай машин. Уралдаж байгаа хүнийг жинхэнэ тамирчин болгодог гэж боддог. Ямар ч төрлийн ангиллаар уралдсан тамирчин сууриа сайн бэлдсэн байх ёстой.
УРАЛДАХ КАЙФИЙГ ЮУТАЙ Ч ЗҮЙРЛЭМЭЭРГҮЙ САНАГДДАГ
-Авто спорт адал явдлаар дүүрэн. Тамирчид нь хармаан дахь хэдэн төгрөгөө уралдааны зардалд зориулдаг. Зарцуулсан зардлаа яаж нөхөн олж байна?
-Тэмцээнд зориулж хармаан дахь хамаг байдгаа сэгсэрдэг нь үнэн. (инээв) Гэхдээ уралдах кайфийг юутай ч зүйрлэмээргүй санагддаг. Үзэгчдийн нүдэн дээр хамгийн шударга өрсөлддөг спорт бол авто кросс. Би өөрийгөө ядуу гэж боддоггүй. Учиргүй их мөнгө байхгүй ч гэлээ би баян хүн. Надад хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл бий, элэг бүтэн амьдрал, хүн чанартай сайн найзууд байна.
-Зав гаргаад аялахыг боддог уу?
-Би Улаанбаатарын унаган иргэн. Гэхдээ монгол орныхоо 19 аймагт очиж үзсэн. Найзуудтайгаа хөдөө аялах дуртай. Бухимдаж стресстээд эхэлбэл уул ус, хад асга, ой модтой газраар хэсэх гээд явчихна. Тайвшрахын тулд хотоос зайдуу гарч машиныхаа цонхыг онгойлгож байгаад л дуртай хөгжмөө сонсоод юу ч бодохгүй салхи сэвэлзүүлээд давхина. Ингэж л байгалийн сайхнаас энерги авч, эрч хүчээ сэлбэдэг. Би ямар ч үед өөрийнхөөрөө байх дуртай. Өөрийнхөө ертөнцөд уралдаж, өөрийнхөөрөө аялъя гэж боддог.
-Найзуудтайгаа уулзах зав гаргаад хааяа шоуддог л биз дээ?
-Сүүлийн үед “Өөртөө ч зав гаргахгүй юм. Чи бэлтгэлийн хувцас байнга өмсдөг болсон байна. Өсгийт өмсөөд гүйдэг байсан өндөр бүсгүй хаачихсан бэ” гэж найзууддаа шүүмжлүүлэх болсон. Тэдний надад гомдоллох нь өмнөх үеийнхээс ихсээд л байгаа.(инээв). Хааяа уралдааны тухай мартаж, найзуудтайгаа сэтгэлээ онгойтол ярьдаг.
УРАЛДАХЫН ТУЛД БИЕ, СЭТГЭЛЗҮЙ, МАШИНАА БЭЛДСЭН БАЙХ ЁСТОЙ
-Эрч хүч ханхалдаг спортынхон цоглог хөгжим сонсдог. Рок дуу сонсож, транс хөгжимд бүжиглэдэг л байлгүй?
-Би дуунаас илүү үгэнд нь анхаарал хандуулдаг. Эмэгтэй хүнд орчноо мэдрэх гоо зүйн мэдрэмж байх хэрэгтэй. Явах, аялах, байгаа орчиндоо тохируулж хөгжим, дуу сонсдог. Хөдөө явахдаа нийтийн дуучдын зарим дууг, хот дотор явахдаа “Никитон”-ы Бачкагийн дууг чанга тавиад сонсдог. Өвөл Японд байхдаа дуучин С.Нарангийн “Нутгаа санахуй” дууг их сонсдог байлаа. Заримдаа надад кино, үзвэр үзэх зав гардаггүй. Гармаар, үзмээр, дуулж бүжиглэмээр санагддаг ч хүсэл мөрөөдөл, зорилгоо бодоод хойш тавьдаг тал бий. Зүгээр гэртээ сууж байгаад гараанаас гарч болохгүй л дээ. Зорилгодоо хүрэхийн тулд бүх зүйлээ өөртөө үүрч яваа. Тэмцээнд оролцохын тулд бэлтгэл хийнэ, уралдахын тулд бие, сэтгэлзүй, машинаа бэлдсэн байх ёстой.
-Спортын өөр төрөл сонирхдог болов уу гэсэн бодол төрөөд байна л даа надад?
-Буудлагын спорт сонирхолтой санагддаг. Олон жил сэтгэлдээ бодлоо. Гэхдээ өртөг өндөртэй спорт. Буудлагаар мэргэжлийн тамирчны түвшинд биш юм аа гэхэд сонирхогчийн хэмжээнд хичээллэнэ гэж боддог. Сэтгэлзүйн хувьд сандрахгүй, тайван байж, анхаарлаа төвлөрүүлж, тооцоолон бодож байж бай онодог болохоор энэ чанар надад их хэрэг болно.
БОКСЫН ДАСГАЛ ХИЙЖ БИЕИЙН БЭЛТГЭЛ ХАНГАДАГ
-Авто раллигийн тэмцээнд жин барих хэрэг гардаг уу?
-Тодорхой хэмжээгээр жин барина. Жин ихтэй байх уралдааны амжилтад сөргөөр нөлөөлдөг. Миний хувьд уралдахын өмнө хүнд хоол иддэггүй, тэмцээний дараа дуртай зүйлээ хүссэнээрээ иддэг. Уралдаанд оролцоход бие булчинтай, сэтгэл тэсвэр хатуужилтай байх хэрэг болдог болохоор боксын дасгал хийж биеийн бэлтгэл хангадаг. Манай авто спортод боксоор хичээллэдэг тамирчин олон бий. Энэ мэтчилэн авто спортод өөр бусад спортын ганц нэг дасгал хэрэг болдог тохиолдол бий.
-Хааяа хормогч өмсөөд гэртээ хоол хиймээр санагддаг л биз дээ?
-Тэгэлгүй яахав. Даанч надад гэртээ тухлаад дуртай хоолоо хийх зав гардаггүй. Эмэгтэй хүн гэрээ цэвэрлэчихээд, гал тогоонд амттай хоол хийж, цэцэгнүүдээ дэлбээлэхийг харж суух сайхан санагддаг. Гэртээ сайн эмэгтэй байж, харин тэмцээнд эрчүүдээс дутахгүй уралдаж, ассан амжилт гаргадаг байх зүгээр. Хэдий ингэж боддог хэрнээ хүнсний дэлгүүрээс тор дүүрэн ногоо бариад явахдаа гар цуцаж алдаж унагачихаад биеийн хүчний тал дээр эмэгтэй хүн өчүүхэн сул дорой болохоо мэдэрдэг л юм даа.(инээв) Би чөлөөт цаг гарвал уран зохиолын номноос илүү шинжлэх ухааны онолын ном унших дуртай.
-Ариунаагийн дотоод ертөнц рүү өнгиймөөр санагдчихлаа. Өөрийгөө яг ямар хүн бэ гэдгийг үнэнээр нь тодорхойлооч?
-Дайчин, нийтэч, нээлттэй зантай. Сэтгэлийн хөдөлгөөнтэй. Гэхдээ хаана гаргаж, хаана дарж байхаа мэддэг. Хүнд худлаа хэлж чаддаггүй, сэтгэл зүрхээ сонсож өөрийнхөөрөө амьдарч чаддаг. Би бусдыг дуурайж өөрийгөө гээсэнгүй. Бусдад таалагдах гэж дүр эсгэдэггүй.Тиймээс би өөрийгөө үнэн гэдэг үгээр тодорхойлмоор байна. Хэн нэгний дутагдлыг нүүрэн дээр шударга хэлчихдэг. Миний шулуун түс тас зан зарим хүнийг дургүйг хүргэдэг л байх. Хүүхэд байхаас өдийг хүртэл нэгэнт төлөвшсөн зан болохоор одоо тэгтлээ их өөрчлөгдөхгүй биз. Би их цэвэрч нямбай. Манай гэрийн бүх зүйл эмх цэгцтэй. Яг хаана байна тэр газраа байдаг. Японд суралцаж байхдаа би энэ бүхнийг баримталж сурсан.
-Ярилцсанд баярлалаа.