Samsung корпорацийн ашиг орлогыг нэмэгдүүлнэ хэмээн ихээхэн найдлага тавьж буй нугардаг дэлгэцтэй гар утсыг энэ долоо хоногийн эхэнд танилцуулж хэвлэл мэдээллийн ажилтнууд руу илгээжээ. Гэвч хүлээлт талаар болж сэтгүүлчдийн гар утас эвдэрсэн тухай гомдол ирсэн байна.
Galaxy Fold гар утасны дэлгэц жирэлзэх, заримынх нь харлаж эвдэрсэн бол дэлгэц хаагдахад үзэж байсан кино нь алга болсон зэрэг хэд хэдэн алдаа, гэмтэл гарсан тухай сэтгүүлчид мэдэгджээ. Samsung корпорацийн зүгээс Galaxy Fold-ын дэлгэцийг 200,000 гаруй удаа туршиж үзсэн гэдгээ танилцуулаад байсан юм.
Сан Францискод болсон Unpacked арга хэмжээн дээр нугардаг дэлгэцтэй цоо шинэ гар утас, таблетаа сонирхуулсан билээ. Galaxy Fold зургаан камер, хоёр зай хураагууртайгаар 1,980 ам.долларын үнэтэй худалдаалагдахаар зэхэж байна.
Энэ сарын 26-ны өдөр Америкийн зах зээлд албан ёсоор борлуулж эхэлнэ.
Fold-ын дэлгэцийг бүрэн дэлгэхэд 7,3 инч АМОЛЕД Инфинити уян дэлгэц таны гарт нээгдэнэ. Харин дэлгэцийг нугалж хаахад 4,6 инч АМОЛЕД авсаархан дэлгэцтэй. Өмнөд Солонгосын технологийн тэргүүлэгч корпораци Google-тэй хамтран нугардаг дэлгэцэнд зориулсан Android аппликейшнуудыг хөгжүүлжээ. Тиймээс том дэлгэцэн дээр нэг дор гурван апп ашиглах боломжтой юм.
Samsung корпорацийн ашиг орлого буурсан талаар энэ сард мэдээлээд байсан. Корпорацийн зүгээс Fold загварын гар утсыг технологийн шинэчлэл хийж ашиг орлогоо нэмнэ гэсэн хүлээлттэй байгаа ч шүүмжлэгчдийн зүгээс сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: www.dailymail.co.uk