УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монгол банкны eрөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төсөл санаачилж УИХ-ын даргад өргөн барьсан.
Түүний гаргасан албан бичигт, “… Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" гэж заасныг Монголбанкны удирдлага ханган ажиллаж чадахгүй байгаагаас төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2019 оны гуравдугаар сард 2,632.51 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар суларчээ. Монголбанк 2018 онд 1.4 тэрбум ам.долларын интервенц хийсэн боловч төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулж чадсангүй. Ийнхүү интервенц хийсэн мөнгөн дүн 2017, 2018 онуудад Монголбанкны худалдан авч, цэвэршүүлсэн нийт алтны нөөцтэй тэнцэж байна…
Мөн Капитал банкинд хяналт тавьж чадаагүйгээс иргэн, эж ахуйн нэгжүүд хохирч байна. Дээрээс нь Монголын төрийн 340 орчим тэрбум төгрөгийг эрсдэлд оруулсан. Өөрөөр хэлбэл, ард түмний татварын мөнгийг эрсдэлд оруулсан.
2015 онд Капитал банки дампуурах эрсдэлтэй байсан гэх үнэлгээ гарсан ч Монгол банк ямар ч арга хэмжээ аваагүй гээд байгаа?
- Тухайн үед нь Капитал банк дампуурах эрсдэлтэй учир арга хэмжээ авахыг удаа дараа сануулж байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй. Харин ч нэмж мөнгө байршуулах замаар төрийн мөнхгийг эрсдэлд оруулсан.
Энэ бүхэн Монголбанкны ерөнхийлөгч хуульд заасан үүргээ цалгардуулж, улмаар Монгол Улсын банк, санхүүгийн салбарт асар их хохирол учрууллаа гэж дүгнэж болохоор байх тул Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг зохих, хууль журмын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлж өгөхийг хүссэн.