Португалийн Мадера аралд Германы жуулчдыг тээвэрлэж байсан автобус осолдож багадаа 29 зорчигч амиа алдсан байна. Мадера аралд байдаг Каничо тосгоны ойролцоо гарсан ослын үеэр 27 хүн бэртэж гэмтжээ.
Орон нутгийн мэдээллийн Люза агентлагийн дамжуулснаар осол лхагва гарагийн орой 18 цаг 30 минутад гарсан байна. Автобусны жолооч жолоогоо алдаж замын хажуу руу онхолджээ. Онхолдсон автобус замын хажуугийн байшингууд руу түрж орсон байна.
Эх сурвалжийн дамжуулснаар автобусанд Германы жуулчдаас гадна нутгийн цөөн хэдэн оршин суугч байжээ. Нийт 60 орчим зорчигч байсан ба 11 эрэгтэй, 18 эмэгтэй амиа алдсан байна.
Португалийн Ерөнхийлөгч Марсело Ребело дэ Соуса ослын нөхцөл байдалтай биечлэн танилцахаар Мадера арал руу нисчээ. Ерөнхий сайд Антонио Коста Германы Засгийн газар, канцлер Ангела Меркель рүү эмгэнэл илэрхийлэн захидал илгээгээд байна.
Уг аралд 2005 онд жуулчдын автобус осолдож Италийн таван жуулчин амиа алдаж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com