Умард Солонгосын төв мэдээллийн агентлагаас удирдагч Ким Жон Ун цэргийн зориулалттай зэвсэг туршсан тухай мэдээлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын Ханойд болсон Ким Жон Ун, Дональд Трамп нарын бүтэлгүй уулзалтаас хойш анх удаа Пхеньян зэвсэг туршиж буйгаа олон нийтэд мэдэгдэж байна.
Олон улсын ажиглагчдын зүгээс үүнийг залуу Ким АНУ-д дарамт шахалт үзүүлж буй оролдлого хэмээн тайлбарлаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Ким удирдагч “Трамп яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд зөв хандлага гаргах шаардлагатай” хэмээн мэдэгджээ.
Солонгосын мэдээллийн төв агентлаг буюу Умард Солонгосын төрийн мэдлийн агентлагийн дамжуулснаар Ким Жон Уны өөрийн биеэр байлцсан туршилтад байлдааны зориулалттай онцгой зэвсэг туршсан гэжээ. Уг зэвсгийг олон төрлөөр ашиглах боломжтой юм байна. Үүнээс өөр мэдээллийг ил тод болгоогүй гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулав.
Америкийн шинжээчид энэ удаагийн туршилтад холын зайн баллистик пуужингаас илүү ойрын зайн пуужин туршсан байх магадлалтай хэмээн таамаглаж байна. Хиймэл дагуулын илгээсэн зургаас харахад Умардын цөмийн туршилтын талбай хөдөлгөөнд орсныг мэдээлж байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com