Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт Гадаадын иргэн харъяатын газарт хүргүүлсэн байна. Харин хүсэлтийг Гадаадын иргэн харъяатын газраас Монгол Улсын ерөнхийлөгч рүү явуулах ёстой. Одоогоор Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газар уг хүсэлт хараахан ирээгүй байгаа ажээ. Хэрэв түүний иргэншлээ солих хүсэлт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирвэл Ерөнхийлөгч хэрхэхийг шийдвэрлэх юм.
Манай улсын хуулиар давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс нэг бол иргэншлээ солих, нэг бол эх орондоо үлдэх сонголт л байдаг юм. Энэ нөхцөл байдлаас болоод урлаг спортын алдартнууд иргэншлээ сольж гадаадын харъяат болж байсан түүх манайд цөөнгүй бий. Тухайлбал, Монгол улсын гавъяат тамирчин, буудлагын спортын мастер Д.Мөнхбаяр 2000 онд иргэншлээсээ татгалзаж Германы иргэн болсон байдаг.
Харин одоо Сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал ийн иргэншлээ солих гэж байна. Түүний хувьд Япон хүнтэй гэрлэсэн, Японы сүмогийн дэвжээ залгамжлах зэрэг олон шалтгаан иргэншлээ солиход нөлөөлж буй гэлцдэг.
Түүний иргэншлээ солих эсэх шийдвэрт Монгол Улсын ерөнхийлөгч ирэх долоо хоногт хариу өгөх болов уу гэсэн хүлээлт нийгэмд байна.
Ер нь манай улсын иргэд Монгол Улсын иргэншлээсээ татгалзах тохиолдол жил бүр өссөөр байгаа ажээ.
2016 онд - 307 хүн
2017 онд - 490 хүн
2018 онд 561 иргэн Монгол Улсын харъяатаас татгалзах хүсэлтийг Монгол Улсын ерөнхийлөгчид гаргажээ. 2018 онд хүсэлт гаргасан хүмүүсийн 543-ыг шийдвэрлэсэн байна.
Жил бүр ийм тооны монгол хүн иргэншлээсээ татгалзсаар байвал гуравхан сая хүнтэй Монгол улс улам цөөхүүлээ болсоор байх биз ээ. Тиймээс давхар иргэншилтэй байх асуудлыг судалж иргэддээ боломж олгох ёстой гэж зарим судлаачид, гадаадад амьдарч, ажиллаж буй олон монголчууд хүсч байдгийг хүргэе.