Авлигатай тэмцэх газраас Гадаадын иргэн, харьяатын газарт шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, ГХЯ болон ГИХЯ-аас гадаадын иргэн визийн зөвшөөрөл авах бүртээ шинээр материал бүрдүүлж өгдөг, шат дамжлага ихтэй, хүнд суртал үүсгэж чирэгдүүлдэг байсан нь тогтоогдсон байна.
Мөн визийн хураамжийн төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр авахаар зохицуулсан байхад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2002 оны 213 дугаар тушаалаар “Визийн наадаг хуудас”-ны төлбөр гэж 3 ам.доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг гадаадын иргэдээс авч байсныг илрүүлсэн байна. Гадаадын иргэдээс нийтдээ хэдий хэмжээний ам.доллар хураан авч, түүнийгээ юунд зарцуулж байсныг АТГ-ын ХШДШХ-ийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс тодруулахад “Яг хэдий хэмжээний хууль бус хураамж авсныг тогтоогоогүй. Харин хураасан мөнгө байгууллагынхаа дотоод үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбарыг өгсөн” гэв.
АТГ-аас хяналтын шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлөө арилгах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд ГИХГ ирэх тавдугаар сарын 01-ээс гадаадын иргэдийн визийн мэдүүлгийг цахимаар хүлээн авахаар болжээ. Мөн гадаадын иргэдээс хууль бусаар авч байсан 3 ам.долларын хураамжаа зогсоосон байна.