Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн боловсролын салбарын худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс шалгахад хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн иргэн Жамсрангийн Ариунтуяа гэдэг хүний эзэмшдэг “Арцат алтайн уулс” компани 11 цэцэрлэгийн хуурай хүнсний бүтээгдэхүүн, мах нийлүүлэх тендерт оролцож 10-т нь шалгарсан байжээ.
Цэцэрлэгийн эрхлэгч нар бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг хаалттай, ил тод бусаар явуулж ах дүү, танил тал, хамаарал бүхий компаниа сонгон шалгаруулах, эсвэл тэднээс шууд худалдан авалт хийх зөрчил ихээр гаргасан байна.
Мөн Дархан-Уул аймгийн 16 цэцэрлэг эцэг эхчүүдээс хууль бусаар нийт 132 сая төгрөгийн хандив тусламж авсан нь баримтаар нотлогдсон байна. Албаны эрх мэдлээ урвуулан ашигласан дээрх хүмүүст Авлигын эсрэг хуульд заасны дагуу сахилгын арга хэмжээ авах, ажлаас халах шийтгэл оногдуулах юм байна.