Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын "Бүсгүй Мэлмий-2" үзэсгэлэн Театрын музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн өмнө нь 2015 оны дөрөвдүгээр сард зөвхөн монгол эмэгтэй зурагчдын гэрэл зурагтайгаар “Бүсгүй мэлмий-1” нэртэй олонд хүрч байсан билээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэнд Монголын долоо, Япон улсын хоёр эмэгтэй, мөн манай эмэгтэй гэрэл зурагчдын залгамж халаа, ирээдүй болсон гэрэл зурагчин гурван охин хамтран дурайн авайд буулгасан бүтээлүүдээ дэлгэж буйгаараа онцлог байв. Геологич, дүрс оношлогооны эмч, багш, засгийн газрын референт, эдийн засагч гээд өөр өөр мэргэжил боловсролтой бүсгүйчүүд хүсэл сонирхол, хоббигоороо нэгдэж, орчлон хорвоог өөр өөрийн мэлмийгээр тольдсон нь солонгын долоон өнгийг санагдуулам. Үзэсгэлэнд онцлох олон зүйл буйг үзэгчийн нүдээр олж харав.
Гэрэл зурагчин бүсгүйчүүдийн ихэнх нь мэргэжлийн гэрэл зурагчин биш. Гэсэн ч мэргэжлийнх мэт буулгасан нь гайхалтай, бас сонирхолтой.Гэрэл зургийн гайхамшигтай ертөнц бүсгүйчүүдийн сэтгэлийг өөрөөсөө холдохооргүй болтол татаж чаджээ. ЕБС-ийн хүүхдүүдийн дунд зарласан Олон улсын гэрэл зургийн фестиваль наадам Япон улсад зохиогдоход 21 улсын гэрэл зураг сонирхогчдоос монгол гурван охины бүтээл шалгарч мөнгөн медаль хүртсэн байна. Тэдний авьяас, мэдрэмж, ур чадвар “акулуудын” нүдэнд өртөж, чамлахааргүй санагдсан учир ийн эгнээндээ “элсүүлсэн” аж. Сонсоход нэр нь хүртэл уянгалаг яруу санагдсан энэ үзэсгэлэнгийн нэрийг “Өнөөдөр” сонины эрхлэгч байсан С.Батбаатар анх өгч байжээ. Бүсгүйчүүд үзэсгэлэндээ тохирсон гоё нэр олох гэж хэд хоног бодож л дээ. Тэгээд “ямар нэр өгөх вэ, та санал болгооч” гэсэнд С.Батбаатар эрхлэгч “Дандаа бүсгүйчүүдийн нүдээр авсан гэрэл зураг болохоор “Бүсгүй мэлмий” гэж нэрлэвэл зохих юм шиг санагдлаа” гэж хэлээд ийн нэрлэж байж. Бүсгүйчүүдэд энэ нэр таалагдаж, сонирхолтой санагдсан учир хойшид уламжлал болгон гаргах үзэсгэлэнгээ “Бүсгүй мэлмий-3”, “Бүсгүй мэлмий-4” гэж нэрлэхээр шийдсэн байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Г.Эрдэнэтуяатай цөөн хором ярилцаж амжив.
Г.Эрдэнэтуяа: Бүсгүйчүүд хорвоогийн өнгийг өөр өөрийн мэлмийгээр хардаг
-Гэрэл зурагчин хүний үзэсгэлэн тэр чигээрээ шинэ ертөнц. Тиймээс шинэ хүүхэд өлгийдөн авч буйгаас ялгаагүй санагддаг. Та миний бодолтой санал нийлэх үү?
-Тийм ээ, санал нийлж байна. Энэ үзэсгэлэн монголын эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан тав дахь, гадаадын эмэгтэй гэрэл зурагчидтай хамтарсан анхны үзэсгэлэн. Одоогоос хоёр жилийн өмнө Монголын эмэгтэй гэрэл зурагчид Японд очиж үзэсгэлэн гаргахад, Япон гэрэл зурагчид бидэнтэй танилцаж хамтарсан үзэсгэлэн гаргах санал тавьсан юм. Гурван сарын өмнө 21 аймагт гэрэл зургийн бүтээлийн шалгаруулалт явагдаж, тэндээс шалгарсан бүтээлүүд энэ үзэсгэлэнд тавигдлаа. Геологич, дүрс оношилгооны эмч, багш, засгийн газрын референт, эдийн засагч гээд өөр өөр мэргэжил, боловсролтой бүсгүйчүүдийг хүсэл сонирхол нь нэгтгэж, гэрэл зургийн ертөнц рүү хөтөлжээ.
-Үзэсгэлэнд тавигдсан зургууд үнэхээр сэтгэл татмаар. Хүмүүс бүсгүйчүүдийг мэргэжлийн гэрэл зурагчид гэж бодсон байх. Та нар нэг нэгнээ анх хэрхэн олж уулзсан бэ?
-Үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсон бүсгүйчүүд мэргэжлийн гэрэл зурагчид биш л дээ. Гэхдээ мэргэжлийн зурагчнаас дутахааргүй авч чаддаг ур чадвар, туршлагатай.
Энэ тэнд гарсан үзэсгэлэнг үзээд гэрэл зурагчид аяндаа нэг нэгнээ эрж хайдаг. Хөдөө зураг авч явахдаа нэгэнтэйгээ тааралдаж найз нөхөд болно, хүсэл сонирхлоороо нэгдэнэ, эрж хайж нэгнээ олно гээд бидний танилцсан түүх сонин. Гэрэл зурагчин хүний олж хардаг зүйл олон. Хорвоогийн өнгийг өөр өөрийн мэлмийгээр хардаг мэдрэмжтэй.
Тухайлбал, багш мэргэжилтэй, засгийн газрын референтээр ажилладаг Д.Отгонтуяа байгаль, ан амьтан, шувуудын амьдралыг, геологич мэргэжилтэй Ч.Нарантуяа байгалийн зураг тэр дундаа цэцэг болон түүний эргэн тойрны бичил орчинг, эдийн засагч мэргэжилтэй Д.Мөнхцэцэг үндэсний ёс заншил, монгол ахуйг буулган бүтээлдээ харуулсан байгаа.
Товчхон хэлбэл, бүсгүйчүүдийн бүтээлээс өөр өөр өнгө харагдана, өөрийн гэсэн үнэр ханхална. Гэрэл зургийн бүтээлийн шалгаруулалт явагдаж байхад бид “Бүсгүй мэлмий” групп, фэйсбүүк, фэйж хаяг нээсэн. Бидний хамтын ажиллагаа хойшид үргэлжилнэ. Цаашид ОХУ, Буриад улсын гэрэл зурагчид хамтран гэрэл зургийг үзэсгэлэн гаргахаар ярилцаж байна. Мөн Европын гэрэл зурагчидтай хамтарч үзэсгэлэн гаргах бодол бий.
-Тэр дундаа таны бүтээлүүд содон сонирхолтой санагдлаа. Гэрэл зургийн олон төрлөөр оролцсон байна. Эмч хүний ажлын онцлогийг харуулсан зураг ховор байдаг. Шинэ хүн мэндэлж хорвоотой танилцаж буй зургийг олон хүн үзэж сонирхлоо шүү дээ?
-Надад бусдаасаа ялгарах онцлог бий. Би хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажилласан болохоор баян архивтай. Үзэсгэлэнгийн нэр “Бүсгүй мэлмий” болохоор бүсгүйчүүдийн ертөнц ямар байдгийг гэрэл зургаар харуулахаар зорьсон юм. Анх удаа ээж болж буй бүсгүй үрийнхээ дууг сонсоод баярлаж буй агшин, дуу хадаан уйлж мэндлэн хорвоотой танилцаж буй шинэ хүн, эх үрийг эсэн мэнд энх тунх уулзуулсан эмч хүний амаргүй хөдөлмөр, хариуцлагатай ажлыг гэрэл зурагт буулган харуулсан нь энэ.
-Японы хоёр эмэгтэй гэрэл зурагчны зургууд ч гэсэн сонирхолтой л юм. Монголын байгаль, ан амьтан тэдний сэтгэл зүрхийг татаж чадсан нь илэрхий байгааг зураг нь өгүүлж байна л даа?
-Японы гэрэл зурагчин Мацүмото Ёшико 70 настай, Хироэ Шимада 60 настай. Мацүмото Ёшико 45 настайдаа гэрэл зураг сонирхон авч эхэлсэн гэдэг. Сүүлийн 20 жил Монголд ирж зураг авч байгаа. Түүний Ховд аймагт амьдардаг нэг айлын амьдралаар дагнан цуврал болгож авсан зураг их сонирхолтой.
Тэр үед зураг авахад гурван настай байсан хүү өдгөө эрийн цээнд хүрч гэрлэн, гурван настай охинтой болсныг гэрэл зургаар харуулж байна. Мөн монголын эмэгтэйчүүдийг авсан гэрэл зургаараа ном болгон хэвлүүлжээ. Харин Хироэ Шимада монголын байгалийн сайхан, ан амьтны амьдралыг дагнаж зураг авах дуртай.
-Үзэсгэлэн үзсэн хүмүүс та нартай санал бодлоо хуваалцаж харагдсан. Тэд танд юу гэж зөвлөв, ямар санал тавив?
-Миний олж хараагүй зүйлийг үзэгчид олж хараад хэллээ. Өмнө нь “Таван өнгө” нэртэй монголын эмэгтэй гэрэл зурагчдын үзэсгэлэн гаргахад би эмэгтэйчүүдээр дагнасан бүтээл тавьсан.
Тэр үед надад гэрэл зургийг альбом гаргах бодол төрөөгүй. Үзэгчид үүнийг олж хараад надад санал тавьсан шүү. Завгүй ажлын хажуугаар үзэсгэлэн гаргана гэдэг хэцүү. Бидэнд тус дэм болсон олон хүн бий. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны дарга Баттулга, миний багш болох Баттулга, Ганзориг, мөн Баярмагнай, Нямгэрэл нартаа баярлаж талархсанаа уламжилъя.