Америкийн Айова мужид байдаг Briar Cliff их сургуулийн оюутан ангийнхантайгаа Арканзаст байдаг Озарк үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялж байгалийн өвөрмөц тогтоцтой газруудтай танилцаж яваад амиа алдсан хэрэг гарчээ. 20 настай Андреа Нортон хүрээлэн буй орчны шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг байсан ба зураг авахуулах гэж байгаад 30 метрийн өндрөөс унасан байна.
Гэрчүүдийн яриагаар оюутнууд аяллын зураг авахуулж байхад Нортон байрлалаа өөрчлөхийг хүсчээ. Гэвч хөл алдаж өндөр хавцлаас унажээ. Орон нутгийн цагдаагийн газрын шериф Гленн Вийлерийн хэлснээр онцгой байдлын 61 ажилтан хэргийн газарт томилогдон ажилласан байна.
Санамсаргүй байдлаар амиа алдсан оюутан Өмнөд Дакотагийн Хот Спрингс хотоос Briar Cliff их сургуульд суралцахаар ирсэн байжээ. Озарк цэцэрлэгт хүрээлэнд байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнууд жил бүр багш нарын хамт ирж судалгаа хийдэг байна. Суралцах явцдаа оюутнууд Арканзас, Коста Рика, Калифорнд аялж дараа жил Галапагосын арлууд явахаар төлөвлөсөн гэжээ.
Сургуулийн захиргаа амиа алдсан оюутны гэр бүл болон найз нөхөд, сургуулийн хамт олонд эмгэнэл илэрхийлсэн зурвас илгээж Facebook хуудастаа байршуулжээ.
Эх сурвалж: www.cnn.com