Манай улсад өнөөдрийн байдлаар дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн 218 мянга гаруй ээж бий. Дөрвөн хүүхэд төрүүлсэн ээжид алдарт эхийн 2-р одон олгож улирал бүр 100 мянган төгрөг олгодог. Харин 6 болон түүнээс дээш хүүхэдтэй бол алдарт эхийн 1-р одон олгож улирал бүр 200 мянган төгрөг төрөөс өгдөг. Энэ нь жилд 30 тэрбум болдог байна.
Харин Алдарт эхийн одонт ээжүүдэд олгодог мөнгө төсөвт дарамт үзүүлж байна гэж ХНХЯ-ны ТНБД Н.Өнөрбаяр мэдэгдсэн юм. Тэрээр тухайн ээжид насан туршид нь тэтгэмж олгодог жишиг манайхаас бусад улсад байхгүй. Тиймээс хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар хүүхэд нь 18 нас хүрсний дараа тухайн ээж одонгийн мөнгө авах болзлоос хасагддаг байх эсэх талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ гэх агуулгатай мэдээлэл хийсэн юм.
Тэгвэл тэрээр дөнгөж сая энэ мэдээлэлдээ залруулга хийлээ.
ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:
-Эхийн алдар одонтой эхчүүдийн мөнгөн тусламжийг багасгана гээгүй. Харин олон хүүхэдтэй одонтой эхчүүдэд хүүхдийн тоогоор нь үе шаттайгаар мөнгөн тусламжийг нэмэх, зарим татвараас чөлөөлөх, орон сууцанд эхний ээлжинд хамруулах тухай ярьсан гэлээ.