Парис хотын түүхэн дурсгалт өв соёл Нотр Дамын сүм даваагаас мягмар гарагт шилжих шөнө шатаж Францын төдийгүй дэлхий Католик шашинтнууд уй гашуугаа хуваалцсан юм. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 12 дугаар зууны үеийн дурсгалыг хадгалж ирсэн сүм шатсан ч таван жилийн хугацаанд дахин засварлаж, илүү үзэсгэлэнтэйгээр сүндэрлүүлнэ гэдгээ амласан.
Даваа гарагийн орой Ерөнхийлөгч Макрон олон сарын турш үргэлжилж буй шар хантаазтны жагсаалд мэдэгдэл хийх ёстой байсан ч “одоо улс төр хөөцөлдөх цаг биш” хэмээн мэдэгдэж жагсаалыг хойшлуулаад байгаа юм. Дарь эхийн сүмийг дахин засварлах олон улсын хандивын аян нээхээ мэдэгдсэнээс хойш 24 цаг орчмын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд сүмийн сэргээн засварлах ажилд 750 сая евро буюу 850 сая ам.доллар цугларсан байна.
Францын тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшигч тэрбумтан гурван гэр бүл тус бүр зуун сая еврогоос дээш хандив өгчээ. Гоо сайхны L’Oreal брэнд болон Kering групп, LVMH нартай нэгдэж TOTAL байгалийн хий, газрын тосны компани 100 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Сүмийн урд цамхгууд галд өртөлгүй үлдэж, дотор нь хадгалагдаж байсан түүхэн дурсгалт олдворуудыг аварч чадсан гэж эрх баригчид мэдэгдэж байна. 10 орчим цаг үргэлжилсэн галыг унтрааж 850 жилийн түүхтэй сүмийг аврахаар 400 гал сөнөөгч амь хайргүй зүтгэсэн юм. Энэ үеэр нэг гал сөнөөгч бэртэл авсан байна. Галын шалтгааныг тодруулахаар 50 гаруй мэргэжилтэн ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: www.bbc.com, www.reuters.com