СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-17

Хавар боллоо, мод тарихад бэлэн үү

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Мөнхзул

Одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар монголчууд “Мод тарих үндэсний өдөр”-тэй болсон. Тэр цагаас хойш жил бүрийн хавар, намар бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнүүлж, нийслэлийн ногоон байгууламжид анхаарал хандуулж байна. Тэгвэл ийм өдөртэй болсноос хойш монголчууд зөвхөн хотоо ногооруулаад зогсохгүй хувь хүн, албан байгууллагууд ойр орчмоо, хашаагаа моджуулж эхэлсэн. Нийслэлийн гэр хороолол дахь зарим айлын хашаанд олон төрлийн цэцгээс гадна, бут сөөг, жимсний мод ургах нь нэн таатай. Энэ хэрээр нийслэлд мод, бут сөөгний үрсэлгээ, жимсний модны наймаа эрчээ авсан. Мөн төрөл бүрийн цэцэг навчны үрийг ч иргэд худалдан авч амьдарч, ажиллаж буй орчноо ногооруулахад анхаарал хандуулах болсон байна. Тиймээс ердөө ганцхан сарын дараа болох “Мод тарих үндэсний өдөр”-ийг угтан доорх мэдээллийг бэлтгэлээ.

ГЭРИЙНХЭЭ ОЙРОЛЦОО ЯМАР МОД ТАРИХ БОЛОМЖТОЙ ВЭ

Хотын захад гэртэй, эсвэл лагертай хүмүүс гэрийнхээ хажууд маш сайхан цэцэрлэгтэй болох сайхан боломжтой. Ийм цэцэрлэгт зуны дулаахан орой тухлан суух нь нэгэн төрлийн жаргал билээ. Гэхдээ чухам ямар “ногоон найз”тай болох тухай асуултууд их гардаг. Учир нь, ургамал болгон л өөрийн гэсэн арчилгаа, нөхцөл шаарддаг бөгөөд мөн цэцэрлэг маань гаднах төрхөөрөө сайхан харагдах хэрэгтэй. Гэрийн ойролцоо мод бүрийг суулгаж болохгүй. Зарим тохиолдолд модноос болж харшилтай болох, бүр гэр орны бөх бат болон бусад нөхцөлд ч муугаар нөлөөлж болдог байна. Гэхдээ энэ нь ихэнхдээ сүжиг бишрэлтэй холбоотой. Мод нь баян чинээлэг, эрүүл энх, өнөр өтгөн байхын бэлгэдэл гэж зарим оронд үздэг. Аливаа ургамал болгон өөрийн гэсэн нөлөөтэй байдаг учир гэрийн өмнө ямар мод суулгаснаас тухайн хүний хувь заяа шийдэгддэг гэж ярьдаг байна. Янз бүрийн мод сайн сайхныг авчрах бөгөөд өөрт таарах модоо сонгож, хашаандаа тариарай.  

1. Аз хийморын мод интоор

Хүнд их хэрэгтэй, үр жимс сайтай мод юм. Хавар нь цагаан зөөлөн цэцгээр цэцэглэж зуны төгсгөлд сайхан амттай үрээ өгнө. Энэ мод нь арчилгаа бага шаарддаг билээ. Олон улсад интоорын модыг аз хийморийн мод гэж үздэг. Сүжгээр бол энэ мод нь гэрт эд баялаг авчирдаг, уг модны дор гал түлэх нь бүр ч их баялаг олохын бэлгэдэл гэдэг байна. Тиймээс хашаандаа гал түлэх газрынхаа ойролцоо суулгавал зохилтой. Энэ мод нь чийгтэй, бордсон хөрсөнд сайн ургадаг гэдгийг суулгахын өмнө бодох хэрэгтэй. 

2. Сайхан сэтгэлийн илэрхийлэл хус

Энэ нь хүн бүрийн сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон мод билээ. Хус мод нь өнөр өтгөн байхын бэлгэдэл юм. Энэ мод нь зөвхөн таалагдсан хүндээ таарч сайхан ургадаг адармаатай ааштай. Муу муухайгаас хамгаалж, өвчтэй хүнд эрч хүч бэлэглэдэг энэ модыг гэртэйгээ хэт ойрхон суулгах нь бас буруу юм. Ийм нөхцөлд хус нь гэр орныг хамгаалж хар дарах, депресс зэргээс хамгаалах билээ. Энэ мод нарны гэрэлд дуртай, маш хурдан өсдөг бөгөөд хүйтэнд тэсвэртэй боловч шилжүүлэн суулгахад тун дургүй. Шинэ газар суулгахын тулд 5-7 наснаас илүүгүй хусыг сайн сонгож байж суулгаарай. Харшилдаг хүн уг модыг тарих хэрэггүй. 

3. Аз жаргалын бэлгэдэл алимны мод

Эрт үеэс залуухан эмэгтэйчүүдийн унтлагын өрөөний цонхны ойролцоо алимны мод суулгадаг байжээ. Учир нь, энэхүү мод нь гоо сайхан, аз жаргал, гэр бүл бэлэглэдэг гэж үздэг байснаас тэр гэнэ. Алимны мод нь сайхан үр жимсээс гадна хүнд сайн энерги өгдөг. Энэ мод хөгшрөх тусмаа төдий чинээ энергиэ хуваалцдаг.

4. Эрүүл мэндийн алтан мод

Сүүдэрт тэсвэртэй модны нэг бөгөөд усан хангамж сайтай хөрсөнд сайн ургадаг. Энэ модны нэг гайхамшигт чанар бол түүнийг ямар ч настайд нь тайрч тасдаж, нугалж мушгиж янз бүрийн хэлбэр болох арк, пирамид, бүр суух сандал байдалд ч оруулж болдог явдал. Алтан мод нь дунджаар 300-400 насалдаг урт настай мод билээ. Өөрийн амьдралын явцад хүний нүд баясгахаас гадна эрүүл мэндэд хэрэгтэй эм тарианы түүхий эд болсоор ирсэн ба түүнийг эрт дээр үеэс ардын эмнэлэгт ашиглаж иржээ. Алтан модны навчаар хийсэн эм, бэлдмэл нь шээс ялгарах, хөлс ялгарах, ходоодны шүүсний ялгаралд сайнаар нөлөөлж, хоол боловсоруулах булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлэн үрэвслийн эсрэг болон тайвшруулах нөлөөтэй билээ.

5. Өвөрмөц цэцэгт туулайн бөөр

Энэ мод нь өвөрмөц цэцэг, навчаараа хүний сонирхол татах ба түүний холтсыг эмнэлгийн чиглэлээр хэрэглэдэг байна.

6. Өнгийн жимст сэндэн мод

Маш сайхан хурц өнгөтэй жимс, навчаараа өвлийн цагт ч гайхуулдаг. Тарьж арчлахад ямар нэг онцгой анхаарал, халамж шаардахгүй боловч хөрс нь хэт их чийгтэй байж болохгүй. Энэ мод нь гацуур, нарс болон бусад шилмүүст болон навчит модтой сайхан зохицдог бөгөөд ялангуяа алтан мод, улиангар, яшил, цагаан уд модтой их сайхан харагддаг. Энэ модыг хаврын эхэн саруудад тарина. 

7. Хүйтний мод шинэс

Энэ мод намар хамаг шилмүүсээ гээж хавартаа шинэ залуу шилмүүсээр гоёдог. Чухам ийм учраас шинэс хэмээн нэрлэжээ. Гинессийн номонд хүйтэнд хамгийн тэсвэртэй мод гэж бичигдсэн байдаг ба -65 хэм хүртэлх хүйтнийг тэсвэрлэдэг. Байгальд шинэс мод 50 метр хүртэл өндөр ургаж, диаметр нь нэг метр хүрэх нь бий. Гэсэн хэдий ч олон янзын төрөл бий болгосон ба бичил жижиг төрөл зүйлийг ч гаргаж авсан байдаг нь цэцэрлэгийг чимж, их зай эзлэхгүй сайхан харагддаг билээ. Энэ мод нь тайвшруулах үйлчилгээтэй юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.