Өнөөдөр бол Индонези улсын сонгуулийн өдөр. Өглөөний 07 цагаас өдрийн 13 цаг хүртэл тус улсын 192,8 сая иргэн Засгийн газрын таван шатлалын 20,538 эрх баригчийг сонгох юм. Мөн ирээдүйн Ерөнхийлөгчийг сонгох чухал өдөр ажээ.
Улс орон даяар 800,000 санал хураах байр ажиллана.
17,000 арлаас бүрдсэн нутаг дэвсгэртэй Индонези улсын сонгуулийн өдөртэй холбоотой зарим нэг тоо баримтаас сонирхуулбал өнөөдрийн сонгуульд нийт 245,000 нэр дэвшигч өрсөлдөж байна. Цэрэг цагдаагийн 350,000 албан хаагч, 1,6 сая хагас цэргийн офицер улс орон даяар хамгаалалтад гарна. Иргэд саналын таван хуудас бөглөнө. Санал хураалтад оролцож буй иргэдийн тэн хагасаас илүү нь 40 болон түүнээс доош насныхан байгаа юм. Өнөөдөр үдээс хойш гэхэд Индонези улсын Ерөнхийлөгчөөр Азийн Барак Обама гэгддэг Жоко Видодо улиран сонгогдох уу, аль эсвэл Прабово Субьянто шинээр сонгогдох уу гэдэг нь тодорхой болох ажээ. Харин сонгуулийн бусад дүн мэдээг ирэх тавдугаар сард албан ёсоор зарлах юм байна.
GOT-Хаадын тоглоом
Индонези улсад бүх нийтийн сонгуулийн өдөр болж байгаатай зэрэгцэн HBO телевизийн “Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” цуврал олон ангит кино нээлтээ хийгээд удаагүй байна. Сонгуулийн санал хураалтад оролцож буй иргэд цахим ертөнцөд Ерөнхийлөгчид өрсөлдөж буй хоёр нэр дэвшигчийн өрсөлдөөнийг “Хаадын тоглоом”-той зүйрлэн хошигножээ. Таван жилийн өмнө 2014 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Жоко Видодо, Прабово Субьянто нар өрсөлдөж Индонезийн Барак Обама-Жоко Видодо ялж байсан юм. Видодогийн дэмжигчид сонгуулийн өмнөх санал хураалтаар улиран сонгогдох нь тодорхой гэж мэдэгдсэн бол Субьянтогийн талаас 63 хувийн саналаар ялалт байгуулна гэжээ.
Жоко Видодо тавилгын бизнес эрхэлж байгаад жижиг хотын даргаар сонгогдон 14 жилийн турш улс төрд хүчин зүтгэсээр төрийн тэргүүн болсон юм. Харин Прабово Субьянто үндсэрхэг үзэлтэн төдийгүй тусгай хүчний армийн жанжин, Индонезийн удирдагч асан Сухартогийн хүргэн юм.
Жава арлын зүүн хэсэгт хар салхи шуурч санал хураах хоёр байрыг нураасан байна. Албаныхан санал хураах байруудыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлжээ.
Эх сурвалж: www.reuters.com, www.theguardian.com