СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-17

Д.Пүрэвдаваа: Шударгаар өрсөлд. Сонгуулийг сонгуулиар ял. Эрх мэдлээр битгий ялаач, МАН-ынхаан!

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Баянзүрх дүүрэгт МАН, АН хоорондын тэмцэл, маргаан дуусаагүй байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд болж өнгөрсөн ИТХ-ын сонгуульд МАН-ынхан мөнгө тараасан гэх асуудал яригдаж байсан бол АН-ынхан ч мөн л адил мөнгө тараасан гэх мэдээлэл гарч байна. Тиймээс БЗД-ийн АН-ын дэд дарга, Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваатай ярилцлаа. 

Таны тухай бүтэн нэвтрүүлэг бэлтгэж гаргажээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд болсон БЗД-ийн 10,19-р тойргийн нөхөн сонгуульд танай намаас хүн нэр дэвшээгүй ч бие даагчдыг дэмжин, мөнгө тараасан. Таныг энэ үйл ажиллагааг гардан зохион байгуулсан гэж тухайн нэвтрүүлэгт гарч байна. Үнэн үү?

-   Нэр бүхий телевизээр миний нэр хүндэд халдсан захиалгат, төлбөртэй нэвтрүүлгийг цацсан байсныг нь би олж үзсэн.  Иймэрхүү захилгат нэвтрүүлгүүд сонгуулийн үеэр л олон нийтэд цацагддаг.

Та гүжирдлэг гэдгийг яаж батлах юм бэ. Энэ нэвтрүүлэг дээр хороон дарга нар нь бодитоор ярьж байна. Таныг өөрөө утасдаад “таньдаг, ойр дотныхоо хүмүүст мөнгө өг” гэсэн талаар?

-    Би харсан. Би албан ёсоор мэдэгдье. Д.Пүрэвдаваа сонгуульд санал өгүүлэхээр хэн нэгэн хүнд мөнгө өгөөгүй. Тухайн нэвтрүүлгийг үзэж байхад Д.Пүрэвдаваа хийсэн л гэж яриад байгаагаас биш Д.Пүрэвдаваа хийснийг гэрчлэх нэг ч баримт, нотолгоо дэлгээгүй.

Би гайхаж байна л даа. Баянзүрх дүүрэг/БЗД/-ийн засаг даргын ажлаа өгөөд хоёр жил болох гэж байна. БЗД-ийн намын даргын ажлаа өгөөд мөн хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд би БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын/ИТХ/ төлөөлөгч бөгөөд дүүргийн иргэдийн хурлын АН-ын бүлгийн дарга гэсэн албан тушаалтай л байна. Энэ хүмүүсийн уурлах болсон, төлбөртэй нэвтрүүлэг хийж цацсан нь үнэнийг харин ч тодоор харуулчихав уу даа гэж бодож байна.

Үхэр унасан хүнд нохой өштэй, үнэн үг хэлсэн хүнд ноён өштэй гэдэг шиг МАН-ын хууль бус сонгууль хийснийг, хууль бус захирамж тушаал гаргасныг, хүч хэрэглэж дүүргийг булааж авахаар улайрч байгаа бодит дүр төрхийг нь хэвлэл мэдээллээр ярьсан, хэлсэн. Үүний төлөө л тэд ийм алхам хийж байна.

БЗД-ээс УИХ-ын зургаан гишүүн  сонгогдсоны тав нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-аас эрх мэдлээ ашиглан зээл авсан. БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон МАН-ын төлөөлөгчдийн хоёр нь эрүүгийн хуулиар ял авсан. Давж заалдаад явж байна.

Хүчингүй болсон сонгуулийн заалтыг ашиглаад хууль бус сонгууль явуулсан. Үндсэн хуулийн цэцээс дээгүүр, УИХ-аас дээгүүр шийдвэр гаргасаар атал яагаад дуугарахгүй байгааг нь асууж би шаардлага хүргүүлсэн.

Хотын засаг дарга нь хотын засаг дарга болсныхоо төлөө өрөө төлж байгаа юм шиг хэний ч хамаагүй/хуурамч ИТХ-ын тогтоол, шийдвэр/ тогтоол, шийдвэрийг үндэслээд дүүргийн засаг дарга гэх хүнийг томилсон.

Эдгээр хууль бус үйлдлүүдийг нь цуглуулаад би АТГ-т гомдол гаргасан. 

Ялаад, бүх эрх мэдлээ гартаа атгачихаад биднийг ингэж дээрлэхээд яах вэ. Шударгаар өрсөлд. Сонгуулийг сонгуулиар ял. Эрх мэдлээр битгий ялаач гэж хэлье.

Би дахиад тодруулж асууя. Энэ нэвтрүүлэг дээр ярьж байгаа хороон дарга нар анх ажилд орохдоо л өргөдлөө бичээд ордог. Тэгээд танд өгдөг. Та дуртай үедээ тэднийг ажлаас халж, сольж, өргөдлийг нь өмнөөс нь өгдөг гэсэн л дээ?

-   

Тэр Д.Оюунтуяа гэж хүн анх 2015 онд намайг “хүн зодсон” болгож олон нийтийн өмнө шоу хийгээд, тэр нь шүүх дээр хэрэгсэхгүй болж байсан. Харин шүүх дээр “надад баримт хэрэгтэй байсан учраас албаар хэрүүл өдөж, энэ хүнийг муучилж харуулах зорилгоор дайрч, давшилсан” гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. 

 БЗД-ийн АН-ынхан зүгээр л сонгогдсоныхоо төлөө яагаад муулуулах болж байгаа юм бэ?

Баянзүрх дүүргийн асуудал яригдах болгонд л таны нэр хамт явж байх юм. Та БЗД-т ашиг сонирхолтой учраас ингээд яригдаад байдаг юм уу?

-   Гол асуудал нь улс төр л дөө. 2012 оныг хүртэл БЗД “час улаан” тойрог/МАН/ байсан.  Дүүрэг 35 төлөөлөгчтэй байхад 35-0, нийслэлд 9 төлөөлөгч сонгодог бол 9-0, УИХ-д дөрвөн төлөөлөл байсан 4-0, 3-1 гэсэн харьцаагаар л сонгодог. Ер нь л улаан тойрог байлаа. Баянзүрх, Сонгинохайрхан хоёр дүүрэг яг адилхан. Аль ч улс төрийн хүчний бодлого л доо. Мандат ихтэй, төлөөлөгч ихтэй засаг захиргааны нэгжийг өөрийн болгож авахын төлөө зүтгэдэг. Хуулийн дагуу байсан бол бид юу хэлэх вэ. Хамгийн аюултай нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиас дээгүүр бүх асуудалд хүч түрэн хандаж байгаа нь л асуудал болж байна.

Бид сонгуульдаа ялагдсан, гэм буруутай нь ойлгомжтой байсан бол юм хэлэхгүй. Гэтэл БЗД-ийн АН-ынхан зүгээр л сонгогдсоныхоо төлөө яагаад муулуулах болж байгаа юм. Бид зүгээр л үнэнийг хэлээд, баримт материалтай нь олон нийтэд хүргэснийхээ төлөө яагаад муулуулж, хар будгаар тас хар болтол цацуулах ёстой юм.

Эд өөрсдийнхөө харыг нуухын тулд өөр нэгнийг харлуулаад байвал анхаарал тийш очиж өөрсдийнх нь хар бүдгэрэнэ гэж тооцоод байх шиг байгаа юм. Энэ л шалтгаан болж байна. Тиймээс л БЗД дэхь АН-ын бүлгийн даргын хувьд намайг харлуулах гэж зүтгээд байгаа юм байлгүй.

Манай намаас сонгогдсон БЗД-ийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг гэж хүн байна. Сонгуулийн дараа манай нам олонхи болоод сонгогдсон. Энэ хүнтэй нийслэлийн засаг дарга асан С.Батболд,  ИТХ-ын дарга асан Ц.Сандуй нар хамтарч ажиллаж байсан. Саяхныг хүртэл Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар ч хамтарч л байсан. Гэтэл нэг 2019 оны гуравдугаар сард Г.Атармаа гэдэг Иргэдийн хурлын дарга гараад ирсэн. Ийм байхад хэний ч эгдүүцэл төрнө шүү дээ.

Хэрэв үнэхээр намайг буруу юм хийсэн гээд байгаа бол нэвтрүүлгээр биш шүүхээрээ нотолж хариуцлага ноогдуулаач ээ. Яагаад нэвтрүүлгээр хариуцлага ноогдуулаад байгаа юм.

Шүүхийн өмнө хүн бүхэн л тэгш эрхтэй. Мөнгө заран байж яагаад намайг муулаад байгаа юм.  Энэ бол 2020 оны сонгуулийн улс төрийн бэлтгэл ажил. Төр төвтэй нам бус нам төвтэй төр бий болсны бодит илрэл.

Өнөөдөр У.Хүрэлсүх сайд иргэдээс санал аваагүй, намын гишүүдээсээ л санал авсан. Тэгээд татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулаад сууж байдаг. Өмнөх засаг дарга байсан С.Батболд ч мөн иргэдээс сонгогдоогүй. Тийм байж хотын дарга болчихсон. Одоо Т.Бат-Амгалан гэдэг хүн дүүргээс сонгогдоогүй. Харин НИТХ-д гаргасан шийдвэрийнхээ шагналд дүүргийг будилуулж болохгүй шүү дээ.

Гуравдугаар сарын 23-нд болсон Иргэдийн төлөөөлчгдийн хурлын нөхөн сонгуульд бие дааж нэр дэвшсэн хоёр дэвшигчийн АН-аас дэвшүүлсэн гэх мэдээлэл бас бий?

-   Ардчилсан намаас дэвшүүлсэн ямар ч тогтоол, шийдвэр байхгүй. Тэнд нэг хүн бие даагаад нэр дэвшихэд АН-д ямар хамаатай юм? АН өөрийн дүрэм журамтай, түүнийхээ хүрээнд шийдвэр гаргаад оролцдог. Ямар нэгэн байдлаар тэр хүмүүсийг дэвшүүлсэн, дэмжсэн гэх шийдвэр байхгүй. Д.Пүрэвдаваа дэвшүүлсэн гэж байгаа бол түүнийгээ нотлох хэрэгтэй. Харин хэн нэгэн дугаар хорооны иргэн дэмжсэн байхыг хэн ч үгүйсгэхгүй. МАН-ын хүн ч бие даагчийг дэмжиж болно шүү дээ.

Хорооны засаг дарга нар хэлэхдээ таныг “манай намаас дэвшиж байгаа хүн шүү дэмжээрэй” гэсэн гээд байгаа шүү дээ?

-  Хорооны засаг дарга ч гэсэн санал өгнө биз дээ. Тухайн хорооны иргэн л бол. Тэгээд нэг хүнд санал өгөөд түүнийг нь Д.Пүрэвдаваа өгүүлсэн гэж яагаад хэлээд байгаа юм. Та хэн нэгний төлөө санал өглөө гэхэд танай удирдлага өгүүллээ гэж хэлэхгүй биз дээ? Хурлын төлөөлөгч, олонхийн бүлгийн дарга гэдгээр нь намайг харлуулах гэж байна. Би МАН-ын бүлгийн төлөөлөгчид шиг мөнгө тарааж байгаад баригдаагүй, би хүн зодоогүй.

Таныг харлуулах гэж байна гэж та хэллээ. Бид таны хэлсэнд бас итгэх аргагүй. Яагаад гэхээр таны тухай гарч байгаа мэдээллүүд дандаа л муу мэдээлэл байна. Д.Пүрэвдаваа хүн зодсон,  Д.Пүрэвдаваа мөнгө тараасан гэх мэтээр... өөрөөр хэлбэл, та маш муу хүн гэж харагдаж байна шүү дээ. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-   Би оффшорт данстай биш, би төрөөс хулгай хийсэн биш. Өнгөрөн хугацаанд хүн зодсон барьсан гэх мэтхэнээр харлуулах гэж их үзлээ. Одоо сонгуулиар хүнийг турхирлаа гэж хэлж байна. Муучлах арга олдохгүй байгаа учир ингэж гүжирдэж байна л даа.

Дээрээс нь би болохгүй бүтэхгүй нөхөр байсан бол АН-ын нөхөд ч надад итгэх үү. Та нар санаж байгаа бол би намаасаа хөөгдөж туугдаад “Илүү сартай зун” киноны Галаа шиг намын дарга нартаа үнэнийг хэлээд буруудсан. Миний нэг сул тал бий. Хүмүүст долигнож чаддаггүй, үнэнийг нь шууд хэлээд бурууддаг.

Д.Пүрэвдаваа: Бид нам дотор дүрмийн дагуу, байгууллага дотор хуулийн дагуу тоглох ёстой

Намынхаа гишүүнчлэлээ сэргээсэн үү?

-    Уучлагдсан. Дүрмийн бус шийдвэрээр арга хэмжээ авсан байна. Үүнийгээ эргэж хараач гээд гомдол өгсөн. Манай нам дотроо дүрмийн хороотой. Дүрмийн хороо бол нам доторх шүүх л дээ. Ингээд нам доторх шүүхэд гомдлоо өгсөн. Энэ бүхнээ эргэж хараач, дүрмийн дагуу шийдвэрээ гаргаач гэж хүссэн. Дүрмийн хороо харин шударга ажилласан. Хууль зөрчдөг байдлыг л өөгшүүлж боломгүй байгаа юм. Хүсэх юм бол хуулинд өөрчлөлт оруулаад төлөөлөгчдийг шууд томилдог болгож чадна шүү дээ, эд нар. Дүүргийг Иргэдийн хурал ч үгүй болгож чадна.

 41 төлөөлөгч суугаад жилдээ нэг тэрбум төгрөг юунд зарах вэ гэдгийг ярьдаг. Ичмээр шүү дээ.

Та БЗД-ийн засаг дарга байсны хувьд, одоо тэндэхийн төлөөлөгчийн хувьд, дүүргийн АН-ын дэд даргын хувьд дүүргийнхээ хөгжлийг хэрхэн харж байна. Хотын дарга С.Амарсайхан “БЗД-т АН олонхи болсноос хойш саарал дүүрэг болсон, хогондоо дарагдсан” гэж хэлсэн шүү дээ?

-    Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргүүд бусдаасаа хоёр дахин их хүн амтай.  Тэр хэрээрээ асуудал хамгийн ихтэй. Газарзүйн байршлаасаа шалтгаалаад хөдөөнөөс орж ирсэн хүмүүс ч энэ хоёр дүүрэгт л нэмэгдээд байдаг. Гэвч түүнтэйгээ адилхан төрийн үйлчилгээгээ нэмэгдүүлж чаддаггүй. Хүн амын өсөлттэйгээ уялдсан бүтээн байгуулалт ч байдаггүй. Би энгийн жишээ хэлье л дээ. Хогийн машин. Манайд сонгогдсон УИХ-ын гишүүд, засаг дарга хэдэн хогийн машин авч өгчихөөд дүүргийг хогтой гэж хэлээд байгаа юм. С.Амарсайхан дарга төсвийн мөнгийг хасч л дэмжлэг үзүүлснээс өөрөөр яаж дэмжлэг үзүүлсэн юм. Гэтэл өдөр болгон хог тээврлэж байгаа машин эвдэрнэ, сүйднэ, хасагдана. Оронд нь нөхөж өгөхгүй. Энэ бол зүгээр л жишээ.

Хүн ам өсөөд, хүн амын тал нь нийслэлдээ ирчихсэн. Эрх мэдэл нь хот гэх айлд төвлөрчихсөн. Төсвийн хувьд ч, эрх мэдлийн хувьд ч дүүрэг утгаа алдсан. Зөвхөн нэгжийн анхан шатны байгууллага гэдгээрээ судалгаа авах, мэдээлэл түгээх суваг л гэж харж байна. Тиймээс миний бодлоор хотоо задлаад дөрөв, таван хот болгоод хотууд нь хоорондоо бодлогоороо өрсөлддөг баймаар. Эсвэл дүүргээ болиод ганцхан хот дангаараа бүгдийг томилдог, шийддэг баймаар байна.

Танайх санаачилж чадах юм уу?

-  Надад тийм боломж олддог бол... Бид үйлчилгээний байгууллага шүү дээ. Ялангуяа дүүрэг бол цэвэр үйлчилгээний нэгж. Онгоцны буудал л гэж ойлгох хэрэгтэй. Иргэдийг удаашруулж, чирэгдүүлэхгүйгээр үйлчилгээгээ үзүүлдэг байх хэрэгтэй.

Та ирэх онд сонгуульд нэр дэвших үү?

Танай байгууллагад огт ажиллаагүй, туршлага мэдлэггүй хүн гэнэт орж ирээд танайхыг удирдах гээд байвал та яах вэ. Тиймээс  л шаардлага гарвал би дэвшинэ.

Хувь хүний зүгээс ийм хуулийн цоорхойтой нийгэмд, ийм шударга бус, зөвхөн өөрсдөдөө нийцүүлсэн хууль дүрэм баталдаг нийгэмд заавал өөрийгөө зовоогоод, дэвших гээд байх шаардлага алга. 

Дарга байхгүйгээр сайхан амьдрах нийгмийг бүтээлцэх гэж л би Ардчилсан намд орсон. Дарга биш хүн сайхан амьдрахын төлөө зүтгэсэн. Харин дарга болж сайхан амьдрахын төлөө бус. Тийм учраас шударга бусыг ярьдаг хүмүүс гарч ирэх гээд байвал бүр сөрж, ялагдсан ч хамаагүй дэвшиж болно, гэхдээ хамт олны шийдвэрээр. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.