ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид үлэмж их хэмжээний буюу 78 кг мөнгөн усыг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан гурван хүнийг саатуулжээ. Сэжигтэн этгээдүүд 25 литрийн багтаамжтай төмөр саванд мөнгөн усаа савласан байсан бөгөөд түүнийгээ оросын цэргийнхнаас олон жилийн өмнө авч хадгалсан, бидний мөнгөн ус нийтдээ 52 тэрбум төгрөгийн үнэ хүрнэ хэмээн мэдүүлжээ.
Манай улсад Мөнгөн усыг гар аргаар алт олборлогч иргэд хууль бусаар ашиглах зөрчил гарсаар байгаа аж. Мөнгөн ус нь амьсгалын зам, агаар дусал арьсаар нэвтрэн маш хурдан хүний биед шингэдэг бөгөөд хүний төв мэдрэлийн системийг эмгэгшүүлэх, бөөр, нүд, арьс салстыг гэмтээх зэрэг онц хортой нөлөөг үзүүлдэг байна.
Монгол хүний удмын сан, эрүүл мэндийг онц ноцтойгоор хордуулахаас урьдчилан сэргийлж Засгийн газрын 95 дугаар тогтоолоор мөнгөн усыг ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг бүрэн хоригложээ.