Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.43, 3.2.59 т заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор барих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан.
Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг цогцоор шийдвэрлэх, барилгын зураг төсөв боловсруулах, холбогдох тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ахалж, бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам, Соёл урлагийн газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагын удирдлага багтсан байна.
Өнөөдөр тус ажлын хэсгийн ахлагч буюу БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс театр болон музейн байгууламж барих боломжит байршлуудад очиж газар судаллаа.
Энэ ажлын хүрээнд Хотын захирагч С.Амарсайхан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Үндэсний их театрыг соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор барих асуудлыг судалж байна. Өнөөдөр хэд хэдэн байршилд газар үзлээ. Нөгөөх нь байгалийн болон археологийн музейг хаана барих вэ гэдэг чухал асуудал болоод байна. Барьж байгуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаа бид ирээдүйн хот төлөвлөлтөндөө уялдуулж, сайн тооцож хийх нь зүйтэй гэж нийслэлийн зүгээс үзэж байна. Хаана байвал илүү иргэд, гадаад, дотоодын жуулчдад тохиромжтой байх, нөгөө талаас аялал жуулчлал хөгжих боломжийг нэмэгдүүлэх үүднээс газрыг сонгох нь зүйтэй. Нэг газар очоод бүх музейгээ үзэх боломжийг бүрдүүлэх цогцолборыг барихаар зорьж байна” гэв.
Ажлын хэсгийн гишүүд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэршиж заншсанаар Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн 4 га талбай бүхий газарт Үндэсний их театр барих боломжтой гэж үзлээ. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулах болно гэлээ.
Мөн Дүнжингарав худалдааны төвөөс зүүн зүгт байрлах газар болон Яармагийн урд хэсэг газарт музей барих боломжтой эсэхийг газар дээр нь үзэж танилцлаа.
Орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер шийдэлтэй, урлаг уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан Үндэсний урлагийн ордонтой болохыг зорьж байгаа юм.
Байгалийн түүхийн болон Үндэсний урлагийн их театрын шинээр барих барилга байгууламжийн зураг, төсвийг гаргахтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Монголын архитекторчдын эвлэл болон Барилгын зураг, төсөв зохиогчдын холбооны төлөөллүүдтэй нэг дор уулзав.
БСШУС-ын сайд дээрх барилгууд автомашины зогсоолоос эхлээд орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер, эко шийдэлтэй байх ёстойг онцлоод ийм зураг төсвийг гаргахад манай үндэсний холбоодын хүний нөөц, туршлага, консерциум хэлбэрээр хамтран ажиллах боломж ямар байгааг тодруулав. Мөн барих газрын сонголтыг ойрын үед хийж, зургийн ажлын даалгаврыг захиалагч талаас бэлэн болгоно гэлээ.
Холбоодын гишүүд санал хэлж, БСШУС-ын сайдаас зарим зүйлийг тодруулсны дараа нэгдсэн санал боловсруулж, ойрын хугацаанд эргэн уулзахаар тохиролцов.