"Эрдэнэтийн хохирогчдыг хамгаалах холбоо"-оос өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн талаар дараах баримтуудыг дэлгэлээ
"Эрдэнэтийн хохирогчдыг хамгаалах холбоо"
"Зэс Эрдэнийн хувь ХХК-ийг 2010 онд Д.Алтанхуяг гэх хүн санаачлан Эрдэнэтийн 24500 хүнийг хамруулан эхлүүлсэн. Анх Эрдэнэт үйлдвэрийн ашигладаггүй овоолгыг ашиглах зорилгоор байгуулсан байдаг.
Гэвч Д.Алтанхуяг компаниа байгуулахгүйгээр 2012 онд ИЗНН-аас сонгуульд нэр дэвшсэн. Ингэхдээ "Зэс Эрдэнийн хувь" компани байгуулахыг дэмжсэн ард, иргэдээс цуглуулсан 600 сая төгрөгөө хууль бусаар зарцуулж, үрэн таран хийсэн.
Мөн 600 гаруй иргэдийг ямар ч цалин хөлсгүйгээр Эрдэнэт үйлдвэрийн болон Улаанбаатар хотын төв талбайд жагсаал, цуглаан хийлгэж, өлсгөлөнд уриалан дуудсаны үр дүнд Орхон аймгийн ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, жилд таван тонн катодын зэс үйлдвэрлэх ТЭЗҮ-г хүлээлгэж өгсөн байдаг.
Улмаар ТЭЗҮ-ийн мөнгө болох тэрбум төгрөгийг "Эрдмин" ХХК-ийн үүсгэн байгуулагч Дамдинжаваар яриулж байгаад БНХАУ-ын БИГРИМ компаниар хийлгэсэн. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюундариас хүртэл 10 тэрбум төгрөг авч хувьдаа зарцуулжээ.
Энэ мэтээр маш олон удаагийн залилан, булхай луйварыг Д.Алтанхуяг гэх хүн хийжээ. Бүр "Зэс Эрдэнийн хувь" гэх компани анх байгуулахдаа л түүний залилан эхэлсэн. Хувьцаа гаргах эрхгүй атал хуурамч хувьцааг гаргаад 24500 хүнийг залилсан байна.
Гэвч ийм гэмт хэрэгтэн ямар ч ял шийтгэлгүйгээр, өөрөө хохирогч болсон мэтээр яриад, бүр Монгол улсын eрөнхийлөгчийн нэрийг бариад явж байгаад Эрдэнэтчүүд бухимдалтай байна. Тиймээс шинээр томилогдсон прокурор энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахыг тэд хүсч байна" гэлээ.