Улаан бурхан өвчний халдвар энэ оны эхний улирлын байдлаар гурав дахин буюу 300 хувиар нэмэгдсэн болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Уг тоо баримтыг 2018 оны эхний улиралтай харьцуулсан ба дэлхийн улс орнуудад халдварын тархалтыг дундажлан гаргасан байна.
Африк тивд он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар улаан бурхны халдвар 700 хувиар нэмэгджээ. Харин Украйн, Мадагаскар, Энэтхэг улсуудын сая иргэн тутамд олон арвын мянган тохиолдол бүртгэгдэж өвчний халдвар хамгийн тархсан болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлэв. Мадагаскар улсад л гэхэд өнгөрсөн есдүгээр сараас хойш 800 хүн улаан бурхны халдвараар амиа алджээ.
Бразил, Пакистан, Йемен улсуудад халдварласан иргэдийн олонхи нь бага насны хүүхдүүд байна. Америк, Тайланд зэрэг урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн иргэд өндөр хувь эзэлдэг улс орнуудад ч мөн халдвар өргөн хүрээг хамарч тархсан.
Улаан бурхан өвчнөөс вакцины тусламжтайгаар бүрэн сэргийлэх боломжтой. Гэвч ядуурал болон мэдээлэл хүрэлцээгүйн улмаас урьдчилан сэргийлэх тарилгад бүрэн хамрагдаж чадахгүй байгаа ажээ. Бүгд найрамдах Ардчилсан Конго, Киргизстан, Мадагаскар улсуудад дээрх шалтгаанаар халдварын тархалт нэмэгдсэн гэж үзэж байгаа бол өндөр хөгжилтэй чинээлэг улс орнуудад ч мөн тархалт өссөн. Энэ нь иргэдийн дунд урьдчилан сэргийлэх тарилга буюу вакциныг эрүүл мэндэд хортой байдлаар ойлгуулсан хуурамч мэдээллээс болж эцэг эхчүүд хүүхдүүддээ вакцинжуулахаас татгалзаж эхэлсэнтэй холбоотой юм байна.
Улаан бурхан өвчнөөр жил бүр 100,000 хүн амиа алдаж байгаагийн дийлэнх нь хүүхдүүд.
2000 он гарснаас хойш урьдчилан сэргийлэх тарилгын ачаар 20 сая хүний амь насыг аварсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Тиймээс дэлхийн улс орнууд бага насны хүүхдүүд, иргэдээ бүрэн вакцинжуулалтад хамруулахын тулд хууль дүрэм баталж байна. Итали улсад улаан бурхан, салхин цэцэг бусад халдварт өвчний вакцин хийлгээгүй зургаагаас доош насны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт элсэхийг хориглосон хуулийг өнгөрсөн сард баталжээ. Мөн Америкийн Нью-Йорк мужид эрүүл мэндийн онц байдал зарлаж урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдаагүй бол торгуулийн арга хэмжээ авч эхэлсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com