Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ, МХЕГ-аас "Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэх гэж байгаа талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ
Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал
“Байгалиа хамгаалъя нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15-ны хооронд нэг сарын хугацаатай зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд байгаль орчны эсрэг гэмт хэргийн эсрэг хамтран тэмцэх, иргэдийг байгаль орчноо хайрлах зан үйлд сургах, хууль бусаар ан агнах, байгалийн ургамал түүх, зэрлэг амьтдын хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ ажлыг хийхээр төлөвлөж байна” гэв.
МХЕГ-ын Геологи, байгаль орчин, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр
“Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан сэргийлэх ажлын хүрээнд 2018 онд 260 гэмт хэргийг илрүүлж, 233 зөрчлийг арилгуулсан. Мөн байгаль орчинд хохирол учруулсан 25 сая төгрөгийг нөхөн төлүүлж, 27 иргэнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналыг Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Бид гэмт хэргийн мөрөөр бус харин урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажилласан. Үүний үр дүнд байгаль орчны эсрэг гэмт хэргийг бууруулсан гэж үзэж байгаа. Нийслэлийн томоохон зах худалдааны төвүүд дээр гэнэтийн шалгалт хийж, тавих хяналтаа өндөржүүлнэ. Энэ сарын аянд иргэдийг татан оролцуулахыг зорьж байгаа. Иргэдийн оролцоог хангах, иргэдийг идэвхжүүлэх, урамшуулах ажлыг хийснээр маш өндөр үр дүнд хүрнэ гэж хүлээж байгаа” гэсэн юм.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг
“Байгалиа хамгаалъя аянг өнгөрсөн оноос эхлэн зохион байгуулах болсон. Ухуулга сурталчилгаа нөлөөллийн ажил маш их өндөр үр дүнтэй байсан учраас энэ жил дахин зохион байгуулж байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн эсрэг иргэдийн оролцоотой ажлыг зохион байгуулах, илэрсэн зөрчлийг хянан шалгаж дуусгах, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг хийхээр төлөвлөж байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 1.4 хувийг эзэлж байгаа. Хэдийгээр бага мэт боловч энэ хэргийн улмаас нэн ховор амьтад устах, байгаль орчин хэзээ ч нөхөн сэргэхгүйгээр устан сүйдэх зэрэг асар их хохирол учирдаг. Энэ гэмт хэрэг улирлын чанартайгаар явагддаг. Ховор амьтдын жагсаалтад орсон хүрэн баавгай, цоохор ирвэс, хойлог шувуу зэргийг хууль бусаар агнасан хэргийг илрүүлсэн талаараа бид бүхэн мэдээлж байсан.
Хавар болохоор хүмүүс яргуй идсэн гөрөөсний цус уух нь биед сайн гэж буруу ташаа ойлгодог. Гэвч бодит байдал дээрээ биед сайн бус харин ч хор хөнөөлтэй болох нь тогтоогдсон. Гөрөөсний цус уугаад нэг иргэн нас барсан хэрэг хүртэл гарсан. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын 95 дугаар тогтоолоор хориглосон мөнгөн усыг их хэмжээгээр авч явсан гурван этгээдийг баривчилсан. Тэдгээр хүмүүсийн хэлснээр 78 кг мөнгөн ус нь 52 тэрбум төгрөгийн үнэ хүрнэ гэсэн байгаа. Мөнгөн ус нь монгол улсын хүн амын удмын сан байгаль орчин маш их хор хөнөөлтэй тул монгол улсад хэрэглэх ашиглахыг бүрэн хориглосон” гэв.
Хурлын дараа тэдгээр хүмүүсээс цөөн асуулт асуулаа.
-Санаатай болон санамсаргүйгээр түймэр тавьсан иргэнээс учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг үү?
-Ой хээрийн түймэр тавьсан иргэнд 50 саяас дээш төгрөгийн хохиролтой бол эрүүгийн хэрэг үүсгэдэг. Түүнээс доош бол Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна.
-Байгаль орчны гэмт хэргийг бууруулахын тулд яах вэ? Хуулийн санкц нь ямар байдаг вэ?
-Учруулсан хохирлыг нь гурав дахин үржүүлсэн торгуулийн ял оногдуулдаг. Ховор ан амьтдын үнэлгээ харилцан адилгүй байдаг. Жишээлбэл эр баавгай 7.5, эм баавгай 7 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг. Энэ үнэлгээг гурваар үржүүлж торгоно гэсэн үг.
-Түймэр тавьсан хүний учруулсан хохирлыг хэн төлөх вэ? Тухайлбал Гоодойн аманд гарсан түймрийн хохирлыг хэн барагдуулах вэ?
-Өнгөрсөн амралтын өдөр Гоодойн аман 23 байшин шатсан хохиролтой хэрэг гарсан. Гэмт буруутай гэж сэжиглэгдсэн этгээдийг шалгаж байгаа. Буруутай нь тогтоогдвол тэр хүнээс хохирлоо нэхэмжлэх эрх үүснэ.