Ардчилсан намын анхдагчдын нэг болох, өдгөө Монгол улсын eрөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа Д.Жаргалсайхан нарын таван гишүүн намаасаа татгалзаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
Тэд 1990 онд Ардчиллыг байгуулахад анхдагч болон оролцож байсан ч өнөөдөр байгуулсан ардчилал нь гажуудаж, ардчиллын үнэ цэнийг цөөн хэдэн олигархиуд хүртэж, бусад нь хүртэж чадахгүй байна гэдгийг онцоллоо. Тиймээс тэл намаасаа гарч байгаа гэлээ.
Ардчилсан намын гишүүн Д.Жаргалсайхан:
"Ардчилсан намыг албан тушаалын наймаа болгож хувиргасан. Үндэсний зөвлөлдөх хороонд ороход сар бүр 3 сая төгрөг төлөх ёстой. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс 250 сая төгрөг, ИТХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд 50 сая төгрөг өгдөг. Тухайлбал, намайг Цахилгаан тээвэр компанид ажиллаж байхад халсан. Эргээд оръё гэхэд 50 сая төгрөг нэхэж байсан. Тиймээс бид авлигажсан ардчилал бус ард түмний ардчиллыг бий болгох ёстой. Ийм ардчиллыг дэмжих улс төрийн нам, хүчнүүдтэй хамтарч ажиллана" гэлээ.