УИХ-ын гишүүн Б.Жавхлантай зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоохтой холбоотой асуудлаар ярилцлаа. Удахгүй энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Ганц зээлийн хүү биш зах зээлийн эдийн засаг гэдэг ерөнхий онол маань бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар тогтож ирдэг суурь зарчимтай. Зээлийн хүү гэдэг бол санхүүгийн зах зээл дээрх үнэ. Талх, бензиний үнэ гэдэг шиг л ойлголт.
Монголчууд бид 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш захиргааны аргаар үнийн дээд хязгаарыг тогтоох гэж оролдсон амжилтгүй оролдлого олон бий. Амжилтад хүрээгүй.
Мэдээж бүх бараа бүтээгдэхүүний үнийг аль болох бага байлгах нь төрийн ажил байх ёстой. Иргэдийн хүлээлт ч бий. Зээлийн хүүг бууруулах нь аль ч үеийн төр засгийн бодлогын цөмд явж ирсэн. 1990 оны дунд, 2000 оны эхэн үеийг бодвол зээлийн хүү харьцангуй бууж ирсэн хэдий ч хангалттай түвшинд хүрээгүй байна.
Учир шалтгаан нь инфляци юм. Төв банкны мөнгөний бодлого, засгийн газрын, гадаад худалдааны бодлого гэх мэт бүх зүйл инфляцитай холбогдоно. Макро бодлого зөв явах юм бол санхүүгийн зах зээлийн хамгийн суурь өртөг болох инфляци өөрөө нам дор болох ёстой. Ядаж 5-аас доош болох юм бол зээлийн хүү буурна. Одоо бол инфляци 8-10 хувьтай байна.
Гэтэл төр өөрөө энэ бодлогоо уялдуулж чадахгүй байгаа учраас Монгол улс макро тэнцвэрээ олж чадахгүй 20 хэдэн жил боллоо.
Одоо бид инфляцаа нам дор удирдаж чадахгүй байж төр захиргааны аргаар зээлийн хүүгээ буулгаж болохгүй. Зах зээлийн эдийн засгийн горимоосоо бууж өгч байна л гэсэн үг шүү дээ. Хүчээр буулгавал богино хугацаанд арга хэмжээ авахаас урт хугацаандаа болохгүй.
Түүний оронд төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, экспорт, импортоо зөв уялдуулах вэ гэдэг бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Хүчээр зээлийн хүүг бууруулбал сөрөг үр дагавар маш их" гэлээ.