“Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн” манай улсад энэ сарын 6-16-ны өдрүүдэд "Премиум палас" цогцолборт амжилттай зохиогдож, аваргуудаа тодрууллаа. Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн нь чансаагаараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох тивийн хоёр дахь том тэмцээн юм.
Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр “Монголын шатрын холбоо тав дахь олон улсын шатрын тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. Азийн шатрын холбоо манай шатрын холбоог үнэлж Азийн шилдэг холбоогоор хоёр дахь удаагаа шалгаруулсан. Тоглолт дууссан ч гэсэн хоёр цагийн нэмэлт тоглолт гарч ирэн тамирчид маань өрсөлдлөө. Ийм өрсөлдөөн дэлхийн томоохон тэмцээнд гарч ирдэг тохиолдол манай тэмцээний үеэр болж өнгөрлөө. Ази тивийн 3-ийн 3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний үеэр манай улсын дөрвөн тамирчин олон улсын мастер цолын эрхтэй боллоо” хэмээв.
Тус тэмцээний шилдэг хоёр эрэгтэй шатарчин Дэлхийн Цом-д оролцох эрх, шилдэг эмэгтэй шатарчин Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцох эрх авдаг.
Ази тивийн 3-ийн 3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний үеэр манай улсын дөрвөн тамирчин олон улсын мастер цолын эрхтэй боллоо
Энэ эрхийн төлөө Вьетнам, Малайз, Мьянмар, Индонез, Өмнөд Солонгос, Хонконг, Филиппин, Монгол зэрэг найман орны 87 тамирчид оюун ухаанаа сорьсноос Индонезийн тамирчид амжилттай оролцож, эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин Дэлхийн цомд болон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Түүнчлэн манай улсын тамирчин С.Ган-Эрдэнэ Дэлхийн цомд оролцох эрхийг мөн авч чадлаа.
Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхийн төлөө манай улсын тамирчин С.Ган-Эрдэнэ ширүүн өрсөлдөж олж авсан юм. Тэрбээр “Эхний өрөгтөө хожих нь давуу талтай байсан учир хожсон. Гэхдээ өрсөлдөгчтэйгээ тэнцсэн бөгөөд барих ёстой байтал муу барьсан тул хожигдсон. Гэвч сүүлийн тоглолтын үеэр маш их азтай байлаа. Уг тэмцээний үеэр маш их туршлага судалж, их мастеруудтай тоглох боломж олдсон үүнийгээ ч зөв ашиглаж чадсан. Миний хувьд долоон настайгаасаа шатар тоглож сурсан бөгөөд есөн жил хичээллэж байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхийг авсан Индонез улсын тамирчин, их мастер Megaranto Susanto “2017 онд шатрын тэмцээнд оролцохоор Монголд ирж байсан. Хоёр дахь удаагаа олон улсын тэмцээнд оролцохоор танай улсад ирж, дэлхийн цомд оролцох эрх авсандаа баяртай байна. Манай улсаас зургаан тамирчин ирсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлж чадсанд нь ирж оролцсон зорилгоо биелүүллээ” хэмээв.
Нээлттэй ангилалд:
1-р байр Индонез улсын тамирчин, Их мастер Megaranto Susanto,
2-р байр Монгол Улсын тамирчин Сугарын Ган-Эрдэнэ,
3-р байр Вьетнам улсын тамирчин, Олон Улсын мастер Nguyen Van Huy,
4-р байр Монгол Улсын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Насанжаргалын Уртнасан,
5-р байр Филиппин улсын тамирчин Их Мастер Gomez Jonh Paul,
6-р байр Монгол Улсын тамирчин, Их Мастер Баярсайханы Гүндаваа,
7-р байр Филиппин улсын тамирчин, Олон Улсын мастер Bersamina Paulo,
8-р байр Монгол Улсын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Ганзоригийн Амартүвшин нар тус тус эзэллээ.
Монголын шилдэг тамирчин Б.Мөнгөнтуултай тоглох үеэр өөрийгөө түрүүлэх боломжтой гэдгийг харсан. Б.Мөнгөнтуул тамирчны хувьд их тайван тоглодог, сурах зүйл их байлаа
Эмэгтэй ангилалд:
1-р байр Индонез улсын тамирчин, Эмэгтэй Их мастер Aulia Medina Warda,
2-р байр Монгол Улсын тамирчин Олон Улсын мастер, Эмэгтэй Их мастер Батхуягийн Мөнгөнтуул,
З-р байр Монгол Улсын тамирчин, Эмэгтэй Дэлхийн шатрын холбооны мастер Төрмөнхийн Мөнхзул,
4-р байр Вьетнам улсын тамирчин, Эмэгтэй Их мастер Nguyen Thi Thanh An,
5-р байр Индонез улсын тамирчин, Олон Улсын мастер Sukandar Irine Kharisma.
Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах эрхийг Индонез улсын тамирчин их мастер Aulia Medina Warda “2006 оноос шатар тоглож, нийтдээ 13 жил хичээллэж байна. Тэмцээний зохион байгуулагч, шүүгч нар өндөр түвшинд ажиллаж, амжилттай болж өндөрлөлөө. Анх удаагаа эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах эрх авах тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Монголын шилдэг тамирчин Б.Мөнгөнтуултай тоглох үеэр өөрийгөө түрүүлэх боломжтой гэдгийг харсан. Б.Мөнгөнтуул тамирчны хувьд их тайван тоглодог, сурах зүйл их байлаа” гэсэн юм.
Олон Улсын цолны норм биелүүлсэн тамирчид
Үүнд:
1. С.Ган-Эрдэнэ "ОЛОН УЛСЫН МАСТЕР"
2. ФИДЕ мастер У.Насанжаргал "ОЛОН УЛСЫН МАСТЕР"
3. ФИДЕ мастер эмэгтэй Т.Мөнхзул "ИХ МАСТЕР ЭМЭГТЭЙ"
4. Олон Улсын мастер Nguyen Van Huy “ИХ МАСТЕР”
Олон цолны норм биелүүлж байгаа нь эхний 2 өрөгт ашигласан "accelerated pairings system" нөлөөлснийг дурдах нь зүйтэй юм.
Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний ерөнхий зохион байгуулагч Монголын шатрын холбоо, Хамтран зохион байгуулагч БСШУСЯ, Нийслэлийн ИТХ-ын ажлын алба, "Премиум палас" цогцолбор, Оюуны спортыг дэмжигч Төрийн банк, Нийслэлийн замын цагдаагийн газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, МҮОНРТ, Дуу бүжгийн Улаанбаатар чуулга, MNC телевиз, “АПУ”ХК, “Гэрэлт дизайн” ХХК зэрэг байгууллагууд хамтран ажиллалаа.
Тухайлбал, "Премиум Улаанбаатар" зочид буудал Шатрын их мастер Ц.Батчулууны ивээн тэтгэж, хөнгөлөлттэй үнээр буудалдаа буулгаж, дэмжлэг үзүүлсэн байна.