СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-16

Ж.Бямбадорж: Нийгэмд шуугиан үүсэхээр л хүний эрхийн байгууллагаа санаж, бидэн рүү дайрдаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Г.Пүрэвсүрэн

“Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” үндэсний чуулганы үеэр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат хуульч Ж.Бямбадоржтой уулзаж ярилцлаа.

-Та бүхэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцаж байна. Үр дүн нь хэзээ гарах бол?

-Монгол Улс дахь хүний хөдөлмөрлөх эрхийн асуудлыг авч үзэхдээ бодитой судалгаа, шинжилгээн дээр үндэслэх ёстой. Өнөөгийн Монголчууд их онцлог үед амьдарч байгаа. Яагаад гэвэл, 1990 оноос өмнө, социализм гэж нэрлэгдэж байсан тэр жилүүдэд ямар нэгэн хуримтлал бий болгохыг хориглодог байсан.

Тийм учраас ө. Энэ нөхцөл Монголд хорин хэдэн жил явахдаа хөдөлмөрийн харилцаа улам хүндэрсэн болохоос сайжирч чадаагүй. Хөдөлмөрийн хуулийг гурван парламент дамжуулан хэлэлцэж байгаа. 2011 оноос эхлээд олон улсын хөдөлмөрийн байгууллага, Кенди Мери гуай өөрөө монголд ирээд энэ асуудлыг хөөцөлдөөд явж байсан шүү дээ. Энэ хууль одоо нэг батлагдах болов уу гэж найдаж байна. Угаасаа ухрах газар, хүлээх цаг алга. Хүмүүсийн амьдрал улам хэцүүдэж байна. Энэ нь ганцхан ажил эрхэлж байгаа хүмүүсийн асуудал биш. Үйлдвэрчин, ажил олгогч ч ялгаагүй хүнд байдал руу орчихсон байна. Яагаад гадагшаа ажиллах хүч яваад байна вэ, яагаад монголд хүмүүс ажиллах сонирхол муу байна вэ. Энэ асуудлыг иж бүрнээр нь авч үзэж, шийдэх арга зам бол Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилж батлах асуудал юм. Монголчууд айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг шүү дээ. Энэ зарчмаар л ажилламаар байна.

Өөрөөр хэлбэл, . Харин хэлэлцүүлгээс харахад харилцан ойлголцож зөвшилцсөн, гарцаагүй судалж үзээд дунд нь шийдэх боломж бүрдэж байгаа юм болов уу гэж харж байна. Бид аливаа асуудлыг сэтгэлийн хөөрлөөр, эсвэл анхны сэтгэгдлээрээ шийдэж хэрхэвч болохгүй. УИХ-ийн гишүүд ч гэсэн энэ тал дээр анхаарах байх гэж бодож байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийг олон талаас нь бодож, нэр томьёоны хувьд ч зөв сайн хийхгүй бол хууль гардаг, тэр нь буруу явах юм бол байдал үнэхээр хүндэрнэ шүү гэдгийг хэлмээр байна.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын ажлын явцад Хүний эрхийн үндэсний комисс ямар байр суурьтай оролцож, юу хийж байна вэ?

-Хүний эрхийн асуудал бол маш өргөн хүрээтэй ойлголт юм. Хүний эрх гэдэг бол хүн нийгэмдээ амьдрах нөхцөл боломжийг л хэлдэг. Амьдрах нөхцөл боломж гэдэгт хамаарахгүй юм гэж алга. Харамсалтай нь нийгэмд шуугиан үүсэхээр л хүний эрхийн талаар ажилладаг байгууллагаа санаж, бидэн рүү дайрдаг. Гэтэл бид тэр асуудлыг нь олон талаас нь харж, гаргаж тавиад аль хэдийнээ хөөцөлдөж, анхааруулсан байдаг. Жишээ нь сая шуугиан тарьсан эрүүдэн шүүхийн асуудал, одоо энэ хөдөлмөрлөх эрхийн асуудал байна. Ер нь Хүний эрхийн үндэсний комисст ирж байгаа гомдлын нэгдүгээрт хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал гараад ирлээ. Арга ч үгүй юм. Би түрүүн хэлсэн. Өнөөгийн монголчуудын хувьд зах зээлийн харилцаанд шилжээд хорь гаруй жил боллоо. Харамсалтай нь өмнө нь өмч, өв залгамжилж яваагүй, ийм л ард түмэн болчхоод байгаа. Тэгээд амьдралынх нь эх үүсвэр ажил хийж хэдэн төгрөг олох л асуудал байна. Гэтэл үүн дээр нь доголдол үүссэн үү гэвэл үүссэн.

Юуны төлөө байнгын ажиллагаатай парламенттай боллоо доо, бид. . 1990-ээд оны эхний жилүүд, 2000 он гараад эхний жилүүдэд нийгмийн харилцааны шинэ шинэ хуулиудыг гаргахад парламентууд үнэхээр сайн, үүргээ гүйцэтгэж байсан. Харин одоо, сүүлийн үеийн хэдэн парламентыг харахад, яг ийм байдлаар ажилласан бол тэр үед бид эрх зүйн шинэчлэлтийн эхний шатыг хийж чадахгүй байх байж. Би Улсын бага хурлын гишүүн байлаа, шөнө гурван цаг хүртэл хуралдаж байсан тохиолдол зөндөө. Дараа нь би гурван парламент дамжаад явсан. Тэр үеийн парламентынхан шаардлага хангасан эрх зүйн тогтолцоо, эрх зүйн актыг бий болгож чадаж байсан. Одоо тэгж чадахгүй байгаагаас, жишээ нь энэ хөдөлмөрийн хууль гурван парламент дамжаад явж байна. Анх 2011 онд орж байсан санагдаж байна.

-Их удаан явсан байна шүү?

-Тийм, ингээд л өнөөдрийг хүрч байна. Тэгээд үүнийг хэлэхээр хэн нэгэн гишүүн ч юм уу, аль нэг парламент руу дайрсан болоод, Лхүмбийн хэрэгт оролцчих гээд байдаг болсон байна шүү дээ.

-Лхүмбийн хэрэг гэснээс одоо өрнөж байгаа хэрэг явдлууд их эвгүй байна шүү. Жирийн ард түмэн ойлгох боломжгүй л нөхцөл байдал үүсчихлээ?

-Би ямар утгаар Лхүмбийн хэрэг гэсэн бэ гэхээр, нэг асуудал гарч ирэхээр л бүх хүнийг тэр лүү хамааруулах гээд байдаг болсныг л хэлж байна. Хүний эрхийн үндэсний комисс ч гэсэн бараг Лхүмбийн хэрэг рүү орох шахлаа шүү дээ. Сая харин УИХ-ын дарга чуулганы нээлт дээр “Хүний эрхийн үндэсний комиссын тавьж байсан асуудалд ор нэр төдий хандаж байсан байна, одоо тэгэхээ больё” гэж хэлж арай нэг өөр байдал руу хандуулах шиг боллоо. Сая бидэн рүү хандсан хэчнээн дайралт үүссэнийг хүмүүс мэдэж байгаа.

-Харин саяын дайралтаар Хүний эрхийн үндэсний комисс байнга тайлангаа өгч, анхааруулж байсан гэдгийг бүгд мэдэж, танай асуудал анхаарлын төвд ороод ирсэн шүү дээ?

-Чи 2017 оныг нэг сана даа. 2017 оны аравдугаар сард, нэг хүүхэд хойд эцэгтээ хүчиндүүлээд, тэгээд шүүх шинжилгээний газар очиход нь 10000 төгрөг нэхээд, нэг залуу тэр мөнгийг нь төлчхөөд сошиалд мэдээлэл тавиад, гэнэт монгол сэрээд, бүр дээр доргүй пижигнэсэн. Гэтэл 2017 оны гурван сард манайх хүүхдийн эрхийн асуудлыг бүх чиглэлээр нь гаргаад тавьчихсан байлаа шүү дээ. Тэгээд л сүүлд нь манай илтгэлийг хэлэлцээд, төчнөөн арга хэмжээ аваад, өнөөдөр хүүхдийн эрхийн асуудлаар нэлээн ахиц гарч байна. Яагаад гээч? Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоон үзүүлэлт нэмэгдсэн, маш их нэмэгдчихсэн байж байгаа. Эндээс харахад хүүхдийн эрхийн асуудал хүнд байна уу гэвэл хүнд байгаа. Нөгөө талаас нь харвал, хүүхдийн хүчирхийллийн асуудал гэр бүлийн хүрээнд дарагдаад явдаг байсан бол өнөөдөр сэтгүүлчид та бүхэн олон түмэнд хүргэсний хүчинд нийгмээрээ хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэж байна. Тиймээс илэрдэггүй байсан олон хэрэг илэрч байна. Олон нийт зэвүүцэж, жигшиж байна. Одоо энэ эрүү шүүлтийн асуудал ч бас учраа олох болов уу гэж бодож байна.

-Эрүү шүүлтийн асуудлын тухайд бол тэр бичлэг байсан ч, байгаагүй ч жирийн иргэд угаасаа тийм асуудал байсан л гэж бодож байгаа. Гэнэт яагаад гаргаж ирэх болов гэдэг л их сонин юм?

-Эрүү шүүлт байлгүй яадаг юм, тэр зөндөө байсан. . Бидний илтгэлдээ “тохиолдол” гээд оруулсныг уншвал аймаар юм их бий шүү. Сахарын өвчтэй хүнийг эмчлүүлэхгүй байж байгаад бүр болохыг нь байлгаад, тэгээд тэр хүн нь гуравдугаар шатны эмнэлэгт очоод амь нас нь хэцүүдсэн гэдгээс авхуулаад, яаж тамлаж зовоосон талаар зөндөө баримт байгаа.

-Танайд хандсан тохиолдлыг мэдэж болно. Хандаж чадахгүй олон хүн байгаа байх даа?

-Зөндөө байгаа шүү дээ. Бид эрүү шүүлтийн асуудлыг гомдол ирэхийг хүлээлгүй өөрсдөө их шалгадаг. 25 хорих анги, аймгийн төв, Зүүнхараа, холбогдох төв суурин газруудад цагдан хорих байр бий. Бид тэнд байнгын хяналт шалгалт хийдэг. Тэр үеэр илэрдэг зөрчил, асуудал байдаг. Бид шалгалт хийгээд, шаардлага хүргүүлээд л явж байна. Энэ асуудал шийдэгдэх, хүний эрхийг дээдэлдэг болж, учир чигээ олох байх. Би бас нэг юманд их итгэж явсан. Тэр юу вэ гэхээр хоригдох нөхцөл сайжрахаар хүний эрхийн зөрчил багасах байх гэдэг итгэл. Манайх хорих байрууд, хорих ангиудаа шинэчилсэн. Цагдан хорих байруудаа бараг шинэчлээд дуусч байна. Эмнэлэг барихгүй байж шорон барилаа гээд шүүмжлээд байсан шүү дээ, барихаас өөр арга байхгүй. Гэтэл нөхцөл нь сайжирч байхад, ухамсар мөчид төрийн албан хаагчдын хариуцлагагүйгээс болж тэнд эрүү шүүлт тулгаж, хүн тамлаж байна. Энэ бас л системийн гажуудлын асуудал юм.

-Хүний эрхийн комисс гэж хаашаа ч хазайдаггүй байр суурьтай байгууллага байдаг. Гэтэл монголын төр байнга савлаад байхаар танай дэвшүүлсэн, анхааруулсан асуудал мэдэгдэхгүй үлдчихээд байгаа. Санаатай үлдээгээд байна уу, санамсаргүй тохиолдол уу?

-За яах вэ дээ, хэнэггүй талдаа л байгаа юм. Нэг том асуудал, шуугиан үүсэхээр л анхаардаг. Бидний нэг том алдаа бол хэнэггүй зан, аливаад за яах вэ гэж хандах хандлага юм.

-Та тэр 25 шоронгоор бүгдээр нь орсон уу?

-Оролгүй яадаг юм. Би чинь бүр гянданд хүртэл очиж үзсэн. Би 1994 онд УИХ-ын гишүүн байхдаа тэр үеийн Хууль зүйн сайд н.Лувсанжав, УИХ-ын гишүүн Б.Батбаатар нартай бүх шоронгоор орсон, нөгөө их өлсгөлөнгийн үеэр. Тэр үед шоронд жилдээ 300 гаруй хүн өлсч үхэж байсан шүү дээ. Нийт 1000-аад хүн нас барсан гэдэг тоо байдаг. Тэр үеэр ажиллаж, УИХ-д асуудал оруулж байж УИХ арга хэмжээ аваад 1995 оноос эхлээд шоронд хүн өлсөж нас барах асуудал зогссон юм шүү дээ.

-Тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Зах зээлийн харилцаанд шилжиж байсан, маш хүнд байсан үе. Тэр үед бүх шоронгоор орж танилцаж байсан. Тэр үеийн шоронгийн нөхцөлийг өнөөдрийн хорих ангийн нөхцөлтэй харьцуулахад зочид буудал, ядуу айл хоёр шиг л гэсэн үг.

-Эрүү шүүлтийн бичлэг дээр гарч байгаа шоронгийн тэр өрөө яг одоо байгаа байдал нь мөн үү?

-Тэр үү? Одоо тийм юм байхгүй ээ. Хуучин байсан юманд л санаатайгаар хийсэн юм байна лээ. Одоо бол тийм өрөө байхгүй. Төв аймгийн цагдан хорих байр хоёр давхартаа байдаг. Доод хонгилд нь хэд хоног байлгасан юм байна лээ. Хуучин, 1980 оны үед цагдаагийн байгууллагын дор доод хонгилд нь тийм цагдан хорих байрууд барьчихсан юм. Бүх аймагт тийм байр байсан, бүгдийг нь өөрчилсөн.

-Шорон камертай байх ёстой юу?

-Камертай байх ёстой. Энэ к.

-Тэгээд тэр камерийн бичлэгийг устгаад л, сэргээгээд л байдаг хачин юм аа?

-Устгасан асуудал нь арай өөр өө. Тэр үеийн компьютерийн хүчин чадалтай холбоотойгоор удаан хадгалдаггүй байсан. Тэр бичлэгийг бол хадгалж байсан юм билээ. Одоо дээд тал нь сар л хадгалж байгаа.

-Саяхан шүүгч урьдчилан хорих төвд амиа алдсан хэрэг гарсан. Камер нь ажиллаж байсан биз дээ?

-Ажиллалгүй яах вэ.

-Тэр асуудал тэгээд юу болоод дуусчихав аа?

-За тэр чинь нэг хэдэн минутын л ажил байдаг юм байна лээ л дээ. Анхаарал суларсан хэдэн минутын л асуудал байхгүй юу.

-Тэгээд амиа хорлолт мөн үү?

-Мэдэхгүй, амиа хорлосон, гадны нөлөө байхгүй л гэсэн шүү дээ. Тэнд бол гаднаас орж хүний амь насыг бүрэлгэх асуудал байхгүй ээ. Түүнийг би итгэлтэй хэлж чадна. Харин тэнд хууль зөрчөөд ч байгаа юм шиг нэг асуудал байдаг юм. Тэр нь юу вэ гэхээр цагдан хоригдож байгаа хүмүүс бол хэрэг нь шийдэгдээгүй, шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгох гэж л байгаа хүмүүс шүү дээ. Тийм учраас цагдан хоригдож байгаа хүмүүсийг маш олон талаас нь анхаарах ёстой. Би цагдан хорих байрны байдалтай танилцаад ангийн дарга, удирдлагад нь нэг л зүйл хэлдэг юм. “Нөхөд минь хүнсний бүтээгдэхүүн гэдэг чинь нэг талдаа хоол боловч нөгөө талаар хор шүү. Зорилготой, зорилгогүйгээр хүний эрүүл мэнд, амь насыг бүрэлгэх ажил байж мэднэ шүү” гэдэг.

Ерөнхий сайд байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нар хоригдоход би очсон. Очоод “Энэ хүмүүст зөвхөн дотоодын, 461-ийн хоол л өгнө. Гаднаас ямар ч хоол оруулахгүй шүү. Хариуцлагыг нь би хүлээе” гэсэн. Нэг бодлын хууль, хүний эрх зөрчиж байгаа мэт боловч нөгөө талаар би зөв юм хийж дээ гэж бодож байгаа юм. Тэгэхэд С.Баяр “Би кофе л уудаг юм” гэсэн л дээ. Тэгэхээр нь “Би тэр кофег чинь өгье” гээд аваачиж өгч байсан.

-Улстөрч ч хэцүү ажил юм даа. Хэсэг туг мандуулж явснаа шоронд орчих гээд л. Уг нь ард түмэнд, бидний сонгосон хүмүүс бүгд буруу зөрүү юм хийгээд явахгүй гэсэн итгэл байдаг?

-Үндсэн хуулинд ч, УИХ-ын хуулинд ч “Хэлсэн үг, явуулсан үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэж” байдаг л даа, уг нь. Гэхдээ зарим нь түүнийг их буруугаар ойлгодог. УИХ-ын зарим гишүүн хүн доромжлоход яах ч үгүй гэж ойлгосон мэт авирлах юм. Уг нь төрийн ажил хийж яваад, өөрөөр хэлбэл санаатайгаар буруу зүйл хийгээгүй, зөв юм бодож, зөв гэж хийсэн бол Монголын төр түүнийг уучилна, хариуцлага хүлээлгэхгүй гэсэн заалт. Энэ бол зөвхөн манайд биш дэлхий бүх оронд байдаг заалт. Үндсэн хуулинд орсон нэг чухал баталгаа байхгүй юу. Харин хээл хахууль авсан, бусдыг хууль зөрчиж дарамталсан, ёс зүйгүй загнасан бол хариуцлага үүрэхээс өөр замгүй.

Жишээлбэл, УИХ-ын гишүүд эгзэгтэй үед нэг хууль баталлаа гэхэд тэр нь буруу байсан бол тэдэнд хариуцлага тооцохгүй л гэсэн үг шүү дээ. Аль болохоор судалж, харж, үр дагаврыг нь урьдчилж мэдрэх ёстой. Энэ бол зөв, ойлгох ёстой асуудал л даа.

-Нийгэмд ойлголтын зөрүү их байна. Нэг хэсэг нь ажиллаад, хэсэг хүмүүс нь бужигнуулж, санаатайгаар төөрөлдүүлдэг. Тэгэхээр зөв ажил буруугаар, буруу нь зөв гэж харагдаад байх боллоо. Үүнийг яах ёстой вэ?

-Тийм асуудал байна. Сэтгэлгээний өөрчлөлт гэж чухал юм байна. Хуучин нийгмээс шинэ нийгэм рүү шилжихэд тэр үеийн бүтээгдэхүүнүүдийг ч тэр, дараа үеэ ч гэсэн сэтгэлгээг нь өөрчлөх ёстой. Гэтэл манайд ийм ажил хорин хэдэн жилд хийгдсэнгүй. Би заримдаа өөрийгөө шүүмжилдэг. Миний нэг хийж чадаагүй юмны нэг, энэ талаар л тун муу ажиллаж дээ гэж боддог юм. Монголын ард түмэн төрт ёс, хүн чанар, ёс суртахууны арвин баялаг уламжлалтай, түүнийгээ үр хүүхэд, хойч үедээ уламжлуулж эзэмшүүлдэг ард түмэн шүү дээ. Бид энэ тал дээр л алдсан юм байна даа гэж харж байна. Нөгөө талаас нийгмийн сэтгэлгээг шууруулан аль нэг тал руу нь явуулах биш, зөв ойлголтыг өгөхийн тулд дээрээ ч, доороо ч тэр, дунд нь ажилладаг сэтгүүлчид ч зөв ажиллах ёстой шиг байгаа юм. Сэтгүүлчид нийгэмд ямар их үүрэгтэй юм бэ гэдгийг монголын төр, ард түмэн ч, зарим хэвлэл мэдээллийн байгууллага ч ойлгоогүй явна. Би үүнийг мах цусаараа ойлгосон хүн. Хүний эрхийн үндэсний комисст ирээд л зөвхөн өөрсдийн хүчээр зүтгэвэл бидний ажил явахгүй юм байна, тиймээс нэг талд нь сэтгүүлчид, нөгөө талд нь иргэний нийгмийн байгууллага байя гэж сэтгүүлчдийн клуб, сэтгүүлчидтэйгээ хамт явж ирсэн. Тэгэхдээ дарга нар өөрийгөө сурталчлах биш, асуудлыг зөв талаас нь хүнд хүргэхийн төлөө сэтгүүлчдийг ашиглах ёстой байхгүй юу.

. Яагаад вэ гэхээр, хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой эзэнтэй, тэр нь тодорхой үзэл бодолтой, түүндээ захирагдаад явж байгаа. Бид хүний эрхийн 15 дугаар илтгэлд хүний эрхийн хамгаалагчдын тухай оруулсан. Тэр дотор “Хүний эрхийг хамгаалахад сэтгүүлч ямар үүрэгтэй байх юм бэ, сэтгүүлчдийг яаж хамгаалах ёстой вэ” гээд сэтгүүлчийн тухай гаргаж тавьсан.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.