Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шав тавих ёслол боллоо. Ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан болон бусад албаны хүмүүс оролцов. “Нийслэлийн орон сууцны корпорац” “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа.
Хөтөлбөрийн хүрээнд нийслэлд амьдарч буй бага, дунд орлоготой ард иргэдийг орон сууцжуулах, сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол барьж байгуулах, түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зэрэг ажил хийж байгааг холбогдох хүмүүс мэдээлэв. Энэ хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд найман байршилд орон сууцны хотхон хорооллыг барьж байгуулахаар төлөвлөсөн юм байна. Эдгээр төслийн нэг нь Хан-Уул дүүргийн XVI хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төсөл гэнэ. Төслийн хүрээнд 12 давхар зургаан блок орон сууцны барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийг бүтээн байгуулах юм. Энэхүү 768 айлын орон сууцны төслийн найман хувь нь түрээсийн орон сууц санд төвлөрөх бол 30 хувь нь орлогод нийцсэн орон сууцны зарчмаар буюу нэг ам.метр нь нэг сая 350 мянган төгрөгийн өртгөөр худалдаалах аж. Үлдсэн орон сууц нь тухайн төсөл хэрэгжүүлж байгаа компани зах зээлийн үнээр худалдан борлуулах бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Дорнын их гэгээ” ХХК ажиллаж байгаа гэнэ.