М.Үүрийнтуяа
Засгийн газрын тогтоолоор “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам махны үйлдвэрүүдтэй хамтран зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд бэлтгэсэн нөөцийн махыг өчигдрөөс эхлэн худалдаанд гаргажээ. Үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлд вэрийн дэд сайд Ж.Сауле, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Нөөцийн махыг худалдаанд гаргаснаар хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдийг хангахыг зорьжээ.
Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” компаниуд 4000 тонн мах бэлтгэсэн байна. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг хоёр болон гурван килограммаар ангилан савлах бөгөөд үхрийн ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр нийслэлийн зургаан дүүргийн 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэлжээ. Худалдаалах цэгийн тоог хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан өсгөх гэнэ. Мах борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байгаа гэдгийг албаныхан мэдээлэв. Үхрийн ястай махыг 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр хямд үнээр борлуулж байгаа гэнэ. Нийт бэлтгэсэн махны 20 хувь нь үхэр, 50 хувь хонь, 30 хувийг ямааны мах эзэлжээ. Эдгээр махыг гарал үүсэл нь тодорхой, малын өвчингүй бүсээс эрүүл ахуйн шаардлагыг хангасан орчинд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бөгөөд лабораторийн шинжилгээнд бүрэн хамрагдсан зориулалтын агуулахад хадгалж хэрэглэгчдийн гарт шууд нийлүүлж байгаа аж. Нийт бэлтгэсэн махны 30 хувийг дөрөвдүгээр сард, 50 хувийг тавдугаар сард, 20 хувийг зургадугаар сард борлуулахаар төлөвлөжээ.