Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүний албаа хашиж байх үед Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр /"Америкийн өнгө" нэвтрүүлгийн хөтлөгч/ өөрийн цахим хуудастаа нэгэн ноцтой гэмээр мэдэгдлийг өчигдөр хийсэн
Түүний мэдэгдлийн гол агуулга нь 1998 оны аравдугаар сарын 02-ны орой машинтайгаа явж байхдаа хоёр хүнийг зам дээрээс авч 3-р хорооллын эцэст хүргэж өгсөн нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр этгээд байсан байж магадгүй гэх агуулгатай байсан.
Үүнээс гадна Ё.Батбаяр Ц.Элбэгдоржийн тун ойрын хүн байсан төдийгүй Ц.Элбэгдоржтой холбоотой ноцтой гэхээр хэд хэдэн өнцөг гаргажээ.
Нэгдүгээрт, Ц.Элбэгдорж 2007 онд Өвөрхангайд явж байхдаа авто осолд орсон нь нууц зохион байгуулалттай "аллага" байсан гэх сэжүүр.
Ё.Батбаяр "...2007 оны долоодугаар сарын 11-нд Ардчилсан намын дарга, тухайн үед Ерөнхий сайдын албанаас буугаад удаагүй байсан Ц.Элбэгдорж УБЗ 00-24 гэсэн улсын дугаартай машинтай явж байгаад Өвөрхангай аймагт авто осол гаргасан байдаг. Энэ ослын үеэр олон жил түүний жолоочоор ажиллаж байсан Баярсайхан амь үрэгдсэн... Хамгийн хачирхалтай нь Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн төрийн хамгаалалтыг гурав хоногийн өмнө буулгасан байсан. Байнга хамт явдаг байсан төрийн хамгаалалт нь буунгуут ийм осол болсонд би их гайхдаг. Ослын дараагаар Ц.Элбэгдоржийг нисдэг тэргээр Гэмтлийн эмнэлэгт авчирсан бөгөөд тархиндаа хүнд гэмтэл авсан гэдэг. Мөн түүнийг АНУ руу, БНСУ руу явсан гэдэг ч хэн ч мэддэггүй... Харин энэ үед Ц.Элбэгдорж ямар ч гэмтэл аваагүй бөгөөд АНУ-д нууцаар бүгэж байсан байх магадлалтай... Харин түүний жолооч, тухайн ослоор талийгаач болсон Баярсайхан нь НАХЯ-нд олон жил ажиллаж байгаад 1990 онд төрийн тусгай хамгаалалтын газар шилжиж, Ц.Элбэгдоржийн жолоочоор олон жил ажилласан. Ослын дараа Ц.Элбэгдорж түүний охиныг нэр дээрээ өргөн авч, АНУ руу сургуульд явуулсан. Өөрөөр хэлбэл С.Зоригийн аллага гэх мэт Ц.Элбэгдоржийн олон нууцыг мэддэг тул түүнийг "үгүй хийсэн байж магадгүй..." гэсэн эргэлзээ надад байдаг..." гэжээ.
Хоёрдугаарт, Ц.Элбэгдорж 2007 онд болсон автоослын дараагаар эмчилгээнд яваагүй харин АНУ-д очиж Батаа, Оюунаа нарын гэрт бүгсэн гэх сэжүүр.
Ё.Батбаяр "...Ц.Элбэгдорж Өвөрхангай аймагт болсон ослын дараагаар гэнэт алга болсон. Түүнийг гадаадад эмчлүүлж байгаа гэх боловч миний таамагласнаар АНУ-д очиж Батсайхан, Оюунсүрэн гэх гэр бүлийн хоёр хүнийд очиж бүгсэн байдаг. "Энэ хэргийг намжтал танайд байя. Та хоёр харин миний тухай гарч байгаа мэдээллийн дор сэтгэгдэл бичиж намайг сайн хүн гэх мэтээр магт" гэсэн байдаг юм билээ..." гэжээ.
Тэрбээр Батсайхан, Оюунсүрэн гэх хоёр хүний нэрийг гурван ч удаа давтан хэлж байгаа, С.Зоригийн хэргийн сэжигтэн эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг Батаа, Оюунаа гэж нэрээрээ дуудалцаж байсан зэргийг харьцуулж бодвол Ё.Батбаяр энэ өнцгийг сануулах гэсэн хэрэг болов уу.
Гуравдугаарт, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хоёр алуурчин одоогийн Содномдаржаа, Чимгээ нар биш гэх таамаг.
Ё.Батбаяр "...1998 оны аравдугаар сарын 2-ны орой хамт ажиллаж байсан хоёр хүнтэй уулзчихаад машинтайгаа гарч яваад замд гар өргөсөн хоёр хүнийг авсан. Манай гэр төмөр замд байсан учраас Төв шуудангаар зүүн эргэж, Маршал Чойбалсангийн өвлийн байрны урдуур гарч явтал хоёр хүн гүйсээр гарч ирж, миний машины урдуур орж зогсоож, хүргэж өгөхийг гуйсан. Харахад маш их сандарсан хүмүүс байсан. Би юм бодоогүй. Ойр дотны хүн хар нь өвдсөн юм болов уу гэж бодоод хүргэж өгөхийг зөвшөөрсөн. "Хорооллын эцэст очно" гэж надад хэлсэн. Хоорондоо маш их сандарсан байдалтайгаар "Одоо яанаа, одоо яах юм бэ" гэж дахин дахин хэлцгээж байсан.
Эмэгтэй нь эрэгтэйгээ тайвшруулсан байдалтай явцгаасан...
Анх С.Зоригийн хэргийн дараа аман зургаар гарч байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүний дүр төрхтэй уг хоёр хүн тун адилхан байсан. Дүрсэлбэл, эмэгтэй нь жаахан бадриун биетэй, урт хар савхин хүрэмтэй. Эрэгтэй нь дан хувцастай байсан санагдаж байна. 6-р бичил хорооллын тэнд бууна гэснээ болиод 3-р хорооллын эцсийн ногоон байрны өмнө буусан.
Тэр хүмүүс анхны газраа буух байсан уу, намайг төөрүүлэх гэж цааш авч явсан уу гэдгийг би сайн мэдэхгүй. Тэр орой нь би телевиз үзээгүй. Маргааш нь ч юу болсныг сонсоогүй. Хүн бүрийн ярьж байснаар бол "Улс төрийн захиалгат аллага" гэж байсан. Би маш их айдастай байсан. Мэдэж байгаа зүйлээ шууд ярьчих юм бол надад аюултай байж магадгүй гээд би дуугай байсан..." гэжээ.
Үүний дараа тэрбээр маш олон баримт ярьсан ч шууд "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хоёр алуурчин одоогийн Содномдаржаа, Чимгээ нар биш" гэж хэлээгүй ч "энэ хэрэг анхнаасаа зохион байгуулалттай байсан", "Ц.Элбэгдорж энэ хэргийг зохион байгуулсан байж магадгүй" гэсэн санааг дахин дахин хэлж байгаагаас харвал Ё.Батбаяр хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийг тухайн үед өөрийнх нь машинд сууж явсан хүмүүс биш гэж хэлэх гэсэн бололтой.