СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-15

ЖДҮХС-аас 300 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулахгүйгээр олгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Өнөөдөр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХЭҮК, ХХААХҮЯ, МУИС, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож бизнес ба хүний эрх, эдийн засагт жижиг дунд үйлдвэрүүдийн үзүүлэх нөлөө, ЖДҮХС-ийн зээлийг ил тод, нээлттэй, хүртээмжтэй олгох асуудал зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уг хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэх юм байна.

 “Үндсэн уртраг” ТББ-ын тэргүүн С.Цэндбаатар “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлын талаарх санал зөвлөмжийг боловсруулж бид бүхэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлнэ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 4.5 жил тутамд дэлхийн улс орнууд дахь хүний эрхийн төлөв байдлын тайлан хэлэлцүүлгийг хийдэг уламжлалтай. Бидний дэвшүүлж байгаа санал зөвлөмж Монгол Улсын Засгийн газрын тайлан илтгэлээс тусдаа очно” гэв.

МУИС-ийн профессор, Эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс “Өнгөрсөн өвөл Монголчууд ЖДҮХС гэж байдгийг олж мэдлээ. Монгол Улсад олгогдож байгаа хамгийн бага хүүтэй тэрхүү зээлийг улс төрчид нь хувааж авдгийг олж мэдээд хариуцлага тооцохыг шаардаад дийлсэнгүй. Аливаа улсын хөгжлийн гарц шийдэл нь жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил байдаг. Хэрвээ энэ зээл жинхэнэ эздэд хүрсэн бол эдийн засагт маш их нөлөө үзүүлэх байсан” гэсэн юм.

 “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдэвт хэлэлцүүлгээр тус сантай холбоотой өмнө гарсан алдаа дутагдлыг шүүн хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга замын талаар ярилцаж гарц шийдэлд хүрэх юм байна.

Төрийн өндөр албан тушаалтнууд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог нэн хөнгөлөлттэй зээлийг давуу эрхтэйгээр авдаг явдлыг таслан зогсоох чиглэлээр ямар ажил хийж байгааг ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяагаас тодруулахад “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг саяхан шинэчлэн баталсан. Уг журмын дагуу сангийн үйл ажиллагааг шилэн болгож, зээл сонгон шалгаруулах санхүүжүүлэх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгосон. Хөнгөлттэй зээлийг банк болон сангийн данснаас шилжүүлэхээр журамласан. 20-300 хүртэлх сая төгрөгийг ЖДҮХС-аас, харин 300 саяас дээш дүнтэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгоно гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.