Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зээл авсан нь нотлогдсон улс төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг "хаагдах" шатандаа оржээ
ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа сайд Б.Батзориг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1 тэрбум төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан байдаг.
Тэгвэл эдгээр 216 хэргийн 146 нь ямар нэг "арын хаалгагүй олгогдсон" гэж үзэн, үлдсэн 70 хэргийг тусгаарлан шалгасан ч гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн 50 гаруй хэргийг хаах санал гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлсэн болохоо өнөөдөр АТГ-аас мэдэгдсэн.
Үлдэж байгаа 20 шахам хэрэг дотроос улс төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан хэргүүд байгаа бөгөөд түүнд холбогдох есөн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ажээ.
Тэдгээр есөн этгээд хэн бэ?
ЖДҮХС-г шууд удирддаг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг байх магадлал хамгийн өндөр. Тэрбээр намынхаа нөхдөд албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад нь "тусалж", өөрийн тушаалаар шууд зээл олгосон гэх хамгийн том хэрэгт татагдсан. Тэр ч битгий хэл өөрийн эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК-ийн нэрээр 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан нь мөрдөн байцаалтаар илэрч, УИХ-ын гишүүний бүрэх эрхээсээ түдгэлзэх шахсан нэгэн. ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаасаа огцорсноор тэрбээр нам жим байх болсон.
Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар байх магадлалтай. Тэрбээр Зам тээвэр, хөгжлийн яамны сайдын албан тушаалд томилогдоод удаагүй байхдаа өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК-аараа 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь илэрч, мөн л өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаасаа огцорч нам жим болсон.
Дараачийн гурван хүн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Учрал, Н.Оюундарь нар. Тэд авсан зээлээ төлсөн гэж хэлсэн. Ж.Энхбаяр л гэхэд “Газар буудай” ХХК-аараа 950 сая төгрөгийн зээл авч хэл ам гарсан даруйд Хас банкнаас зээл авч ЖДҮХС руу шилжүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Учрал аавынхаа “Хүннү” ХХК-аар дамжуулж 950 сая төгрөгийн зээл авсан ч зээлээ төлсөн эсэх нь тодорхойгүй. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Ред стар” компани 732 сая төгрөг (үндсэн зээл 700 сая)-ийн зээл авсан ч буцаан төлсөн гэж мэдэгдэж буй. Эдгээр гурван эрхэм зээлээ хүүгийн хамт эргүүлэн төлсөн ч хэрэгт татагдахгүй гэх баталгаа байхгүй. Учир нь бас л зээлээ төлсөн гэж буй УИХ-ын гишүүн Б.Солтан эдүгээ эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, "ачигдах" шатандаа яваагаас харвал дээрх гурван гишүүн хэрэгт татагдсан хэвээр байх магадлалтай юм.
Үүнээс гадна “Нүүдэлчин агро фирм” ХХК-аараа 950 сая төгрөгийн зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, “Цэн стайл” ХХК-аараа мөн л 950 сая төгрөгийн зээл авсан Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар, Капитал банк, “Доктор МЭИК” ХХК-аараа удаа дараа зээл авсан УИХ-ын гишүүн М.Ундармаа нарын хэрэг хэвлэлээр баримттайгаар мэдээлэгдэж байсан ч ЖДҮ-ийн хэргийг "хаах" саналтай компаниудын нэрс дунд алга байгаагаас харвал эрүүгийн хэрэгт татагдсан есөн этгээдийн нэг болсон байх өндөр магадлалтай.
Үүнээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн улс төрийн өндөр албан тушаалтан 3 яллагдагчид холбогдох хэргийг Ажлын хэсгээс тусгаарлаж шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргасан
Тэдгээр гурван улс төрийн өндөр албан тушаалтан хэн бэ?
Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг хүргүүлсэн ч намын нөхөд нь хамгаалж үлдсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нар аж. Тэдний мэдээллийг энд дарж үзнэ үү.