УБТЗ ХНН-ийн Дотоод хяналтын албанаас УБТЗ ХНН-ийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарын хууль бусаар хувьдаа авсан 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаустай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
УБТЗ ХНН-ийн Хуулийн хэлтсийн ажилтан Х.Энхсүх “Л.Пүрэвбаатар нь зохих шатны байгууллагын зөвшөөрөлгүйгээр “Өнөр девелопмент” ХХК-тай 2015 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр 1,745,985,900 төгрөгийн өртөгтэй, 370 мкв талбайтай хаус барих захиалгыг хийж бариулж амьдарсан. Гэвч Л.Пүрэвбаатарыг 2016 оны есдүгээр сард ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж, ажил олгогчийн зүгээс хангасан байсан албаны орон сууцаа буцаан өгөх шаардлага тавихад Л.Пүрэвбаатар зөвшөөрөөгүй. Иймд УБТЗ ХНН-ээс ХУД-ийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад УБТЗ ХНН-ийн талд шүүхийн шийдвэр гарсан. Мөн давж заалдах болох, УДШ-ийн шийдвэрээр Л.Пүрэвбаатарын 1.4 тэрбумын үнэтэй хаусыг УБТЗ ХНН-д буцаан олгох ёстой гэсэн шийдвэр гаргасан.
Ингээд хаусаа буцаан авъя гэхэд өгөөгүйгээр үл барам БГД болон ХУД-ийн шүүхэд Л.Пүрэвбаатар хандаж Дээд шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэх хууль бус шийдвэрийг гаргуулж чадлаа. Дээд шүүхийн шийдвэр эцсийн байна гэдэг хууль Монгол Улсад үйлчилдэг. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүхийн шүүгч захирамжаараа түдгэлзүүлж болдог болж. Энэ хууль бус асуудлыг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж өргөн мэдүүлнэ. Хэрвээ Л.Пүрэвбаатар тус хаусаа буцаан өгсөн бол зах зээлийн үнээр худалдан борлуулж УБТЗ ХНН-ийн 384 төмөр замчинд орон сууцны урьдчилгаа төлбөр болгон тус бүр дөрвөн сая төгрөг олгохоор төлөвлөж байсан” гэв.