А.Мөнхжин
С.Ж.Билгүүнтэй аавынх нь амьдрал уран бүтээл болон өөрийнх нь ажил үйлсийн талаар ярилцлаа.
-Японд олон жил болсон ч ойр ойрхон эх орондоо ирэх боллоо. Ер нь нутаг руугаа жолоогоо эргүүлэх гээд байна уу?
-Хилийн чанадад ахлах сургууль, их сургууль гэж суралцаж явсаар 17 жилийн хугацааг өнгөрүүлжээ. Японд анх 2001 онд хөл тавьж байлаа. Японы AVEX группт бараг 10 жил ажиллаж байна. Ойр ойрхон ирж очих болсон нь “Би Мүгэн” гэдэг компаниа эх орондоо байгуулсантай холбоотой. Өнгөрсөн жил Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнд “Japan Night” гэх 500-600 хүнийг хамарсан компанийн танилцуулга эвэнт зохион байгууллаа. Нэгэнт Япон, Монголыг холбосон юм чинь байгууллагынхаа нэрнээс эхлэн жаахан тайлбарлая. “Би Мүгэн” нь хязгааргүй гэсэн утгатай япон үг. Ер нь бол өөрийнхөө хязгаарыг тогтоо гэх утгатай юм. Мөн энтертаймэнт мэмберс клуб нээсэн. Залуучуудад үзэх харах юмтай шинэлэг газар байгуулъя хэмээн зорьж тус клубыг нээсэн. Эх орондоо ирээд сүүлийн 3-4 сар идэвхтэй ажиллаж байна даа.
-Энэ клубт хүмүүс юу үзэж байх юм бэ?
-Хүн хүний сонирхол өөр. Нэг хэсэг нь классик хөгжим сонсмоор байхад хажууд нь түжигнэсэн хөгжим яваад байж болохгүй. Тэгэхээр энэ бүгдийг цогцоор нь шийдсэн төв байгуулахыг зорьж байна. Хамгийн гол нь аавынхаа хаалттай хориотой жүжгийн зохиолуудаас тавих бодолтой байгаа. Миний аав их мөрөөдөмтгий хүн байсан. Бид хоёр хамтдаа олон зүйлийг мөрөөддөг байсан даа. Түүний нэг нь ийм бага тайзны орчин үеийн театр юм.
- Японд ямар мэргэжлээр суралцаж төгссөн бэ?
-Японы Бэппү урлагийн их сургуульд жүжигчин, найруулагчаар суралцаж төгссөн. Дипломын ажлаа Монголын кино урлагийн түүх гэсэн сэдвээр хамгаалсан. Япончуудын хийсэн “Чингис хаан” кинонд гүйцэтгэх продюссер хийсэн нь дипломын ажил маягтай юм л даа. “Нэг л уучилъя, “Үхэж үл болно Чингис хаан”, “Илүү сартай зун” зэрэг аавынхаа кино бүтээлүүдийг хэрхэн бүтэж байгааг нь харж кино натур дээр өссөн хүүхэд. Ингээд бодохоор 33 жил урлагийн тогоонд дотор л амьдарч байна. Манай Монголын хамгийн сүүлийн хальсны буюу 1997 онд хийсэн “Еэ еэ Шар Буд” киноны Будын дүрд багадаа тоглож байлаа. Японы кинонуудад туслахаар ажилласан бяцхан түүх бол олон бий. Японд жүжигчин найруулагчаар суралцаж төгссөн гээд яривал одоохондоо би л байна.
-Нэгэнт энэ мэргэжлээр суралцсан, уран бүтээлчийн гэр бүлд төрж өссөнийх тайз, дэлгэцийн бүтээлд тоглоё эсвэл найруулъя гэдэг бодол байна уу?
-Мэдээж хэрэг бий. Би гуравхан настайгаасаа хойш л найруулагч болно гэж бодсон. Хүн мөрөөдсөн, хэлсэн ярьсан зүйлийнхээ ард гардаг байх ёстой. Өнөөдөр нэг юм яриад маргааш нь бас өөр юм яриад явдаг туйлбаргүй байж болохгүй л дээ. Ийм зангийн эсрэг явахыг л хичээдэг. Аав маань 51 нас хүртлээ хэрвээ карьер хөөсөн бол түүнээс илүү карьертай хүн гэж байхгүй байлаа. Гэвч миний аавын барьдаг зарчим бол даруу байх. Өөрөө ч их даруу төлөв хүн байсан. Аавынхаа тэрхүү занг багаасаа харж мэдэрч өссөний хувьд даруу төлөв байхыг хичээдэг. “Биеэ засаад гэрээ зас” гэдгээр эхлээд хийж бүтээж байж өөрөө өөрийнхөө замыг засч дараа нь бусдын өмнөөс дуугарах хэрэгтэй байх. Яагаа ч үгүй байж юм юм руу үсчихийг аав минь байсан бол таашаахгүй байсан. Эхлээд энэ клубээ байгуулаад аавынхаа бүтээлүүдээс судлаад дараа нь бүтээх ажлаа хийхээр бодож байна.
-Танай аав гайхалтай зохиолч байсан. Танд бичих авьяас, хүсэл байдаг уу?
- Хөгжмийн зохиолч Л.Балхжав ах тааралдаад намайг “Чи юм бичиж оролдож байна уу?” гэж асуусан. Би өөрийгөө түүхий байна гэж боддог. Бага байхад аав минь “Миний хүү чаддаг болсныхоо дараа кино зохиол бичээрэй” гэж хэлж байсан юм. Тиймээс туршлагагүй байж янз бүрийн юм сараачиж амьтны ад болоод юу гэхэв. Тэр цагийг өөрөө авчирч байж бичнэ. Миний хувьд 10 гаруй жил Японы нэг номерын компанид шоу энтертаймент чиглэлээр ажиллалаа. Одоо харин энэ чиглэлээрээ эх орондоо түлхүү ажиллах зорилготой байна. Уран бүтээлч хүнийг гаргаж ирж олонд таниулна гэдэг сайхан ажил.
-Монголд мэргэжлийн продюссер дутагдалтай байдгаас уран бүтээлч хүн бүхнээ өөрөө хийх болдог. Продюссерын ажил хийх чинь сайхан санаа байна. Юунаас эхлэх гэж байна?
-Сайн бүтээл төрөх бүхий л нөхцөл, боломжийг мэдэж, мэдэрч чаддаг хүн л сайн продюссер болно. Бүтээл төрөх үйл явцыг бүх талаас нь мэддэг, тооцдог дараа нь тэр уран бүтээл хэдий хүртэл үнэ цэнэтэй байхыг хүртэл мэддэг ур чадвар хэрэгтэй. Киног найруулах, жүжиглэх бол нэг л хэсэг нь. Харин киног жүжигчинтэй, найруулагчтай, үзэгчтэй, зах зээлтэй нь, ирээдүйтэй нь бүтнээр нь харж чадах нь продюссерын ажил. Бүтээлийг зангидаад ажиллах тал дээр олж авсан жаахан туршлага бий болохоор энэ чиглэлдээ итгэлтэй байна. Хийж чадах байх гэж өөртөө найдаж байна. Өөрийнхөө ажлаас л үүнийгээ эхэлж байна даа.
-Одоо залуучууд гадаадад гарч сурах асар их хүсэлтэй байна. Гадаад ертөнцөөс юуг олж авч суралцаж ирвэл зохих юм бэ? Таны хувьд гадаад ертөнцөөс юуг суралцав?
-Би 1992 онд Япон улс руу хүүхдийн жижигхээн бүтээлд оролцож анх хөл тавьж байсан юм. Цаашаа Австрали ороод жинхэнэ соёлын шоконд орж билээ. Ардчилсан улс болсон ч гадаад ертөнцийн олон соёл орж ирээгүй байсан үе. Картын бараанд дугаарлаж байсан улсаас гараад кноп дрангуут хүссэн идэх, уух юм гараад ирдэг улс оронд очиход аргагүй шүү дээ. Аав минь харин их холын ухаантай хүн байж. Намайг жаахан болохоор нь ер нь хуурч байгаад гадны соёлтой танилцуулчихсан. (инээв) Чи Японд жил болоод л буцаад ирээрэй гэсэн. Харин ахыг маань Герман явуулсан. Аав минь биднийг ингэж хоёр тийш нь явуулсан нь алс газраас эрдэм өвөртүүлж ирүүлэхээр бодсон байх. Өнөөдөр харахад түүнийх нь дагуу л би явсан байна. Өөрөөс нь хойш биеэ даагаад амьдарч чадахаар үлдээсэн байна. Тэгэхээр алс газраас эрдэм мэдлэг, соёл суртахуун, эх орноо гэсэн сэтгэлээ олоод эргээд ирэх л хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
-Та яриандаа Японы кино урлагийн сургалт нь Америк “школ”–той гэлээ. Өрнөдийнхөн эцэг эхээсээ өөр уран бүтээлч болохыг хүсдэг. Харин монголчууд аавынхаа, ээжийнхээ хийгээгүйг гүйцээж, тэднийхээ үргэлжлэл болж адилхан байхыг хүсдэг. Чиний хувьд алийг нь илүүд үзэж байна вэ?
-Монголчууд хэзээнээсээ л эцэг эхийнхээ үргэлжлэл байх философитой. Миний хувьд ч ялгаагүй. Аавынхаа дутууг гүйцээж энэ цагт дундуурыг нь дүүргэх уран бүтээлч болно гэж боддог. Үүнийг энэ цагт аавынхаа бүтээлүүдийг амьд байлгаж, үргэлжлүүлэн амьдруулах хүсэл гэж ойлгож болно. Аав минь угаасаа төлөв даруу, нууцлаг “Театрын нууц ноёнтон” гэгдэж явсан хүн. Тиймээс хаагдсан, хоригдсон мөн тавигдаагүй бүтээлүүд олонтой. Яагаад дундуурыг нь дүүрнэ гэсэн гэвэл нэгийг хийчихээд арвыг хийсэн мэтээр ярьдаг, түүгээрээ алдар нэр олдог хүмүүс манддаг болсныг хүмүүст ойлгуулна. Аав минь ийм юманд дургүй хүн байсан юм. Жинхэнэ хийж бүтээсэн хүмүүсийг мартах ёсгүй. Мартуулахыг хүсдэг хүмүүс олон байдаг юм билээ. Сорогдогийн Жаргалсайхан зохиолч шиг 80 орчим жүжгийн зохиол 20, 30 аад кино зохиол, олон арван ном бүтээл туурвисан зохиолч цөөн байх шүү. Тиймээс ч би цахим хаягуудаа Сорогдогийн Жаргалсайханы Билгүүн гэсэн нэрээр хаягладаг.
-Тийм тал ч бий шүү. “Чингис хааны нууц түүхүүд” номыг уншаад намтрыг нь анх хараад маш олон сайн зохиолтой зохиолч байсныг нь хожимдож мэдээд их харамсч билээ. Сорогдогийн Жаргалсайхан гэж ямархуу зан төрх, хүсэл мөрөөдөлтэй зохиолч байсан юм бол?
-Сайхан асуулт байна. Аав минь цаг үеэсээ давж хэтийдсэн ухаантай хүн байсан юм болов уу. Инженер, эдийн засагч хоёр мэргэжилтэй, Хөвсгөлд аравдугаар ангиа алтан медальтай төгсөөд Польшид суралцахаар явж байжээ. Хүний тархи, зүрхэнд юу өгөх хэрэгтэй, нийгэмд ямар мессэж хэрэгтэйг маш нарийн мэддэг, гүн сэтгэдэг зохиолч байсныг манай утга зохиолын акулууд гэгддэг Ш.Дулмаа, Д.Цоодол , Д.Урианхай гуай гээд нэгэн цаг үед туурвиж явсан олон хүмүүс мэднэ. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас өмнө л “Илүү сартай зун” киног бичсэн гэхээр цаг үеэ мэдэрдэг, түрүүлээд харчихдаг, хайрцганд ороогүй сэтгэлгээтэй хүн байсан байна.
Төгсч ирснийхээ дараа гэхэд л “Хүний хүн”, “Буцах хаяг” гэх зохиол бүтээлүүдээрээ өөрчлөлт шинэчлэлийг уриалсан байдаг. Зохиолч хүн уншигчаасаа гурван нүүдлийн цаадахыг харж түүнээ буулгадаг нь үнэн юм бол миний аав тийм л хүн байсан. Мэдээж тиймээс цаг үетэйгээ зөрчилдсөн нь олон байх. Аав одоогийн СУИС-ийн багш Н.Ганхуяг, Ж.Жагаа ах гээд хөгжмийн зохиолч нартай Хөвсгөлд нэг ангид суралцаж байлаа. Багадаа бөмбөр тоглодог урлагийн авьяастай байж. Хөгжмийн зохиолч болно гэж мөрөөддөг байсан гэсэн. Харин наймдугаар ангиасаа егөө, богино өгүүллэг гээд уран зохиолын төрлүүдээр бичдэг байсан юм билээ. Солгой хүн байсан шүү. Солгой хүмүүсийн баруун тархи нь илүү хөгжчихсөн байдаг шүү дээ. Тийм л хүн байлаа. Аавын бүтээлүүд их хурц өнгө аястай байдаг. Та бүхэн мэднэ дээ “Шөнө дундын бүжиг”, “Би эрчүүдийг хүснэ”, “Үхэж үл болно Чингис хаан” гээд эдгээр зохиол бүтээлүүд нь дандаа хурц шийдэл бүхий бүтээлүүд юм. Хэнтэй ч уулзахгүй шөнөжин зохиолоо бичээд суучихна. Шөнөжингөө бичээд гурван бал дуусгаад хурууныхан нь өндөг нь цэврүүтчихсэн сууж байдаг. Нэг шөнө 200 хуудсыг нэг амьсгаагаар бичнэ гэдэг амаргүйг юм бичдэг хүмүүс мэднэ байх. Цаанаасаа гарч ирээд байгаа үгсийг нь хуруу нь гүйцэхээргүй авьяастай хүн байсан гэж боддог.
-Аавгүй наадам наадам биш болчихдог шиг хүн аавгүй болохдоо сэтгэлийнхээ том орон зайг нөхөж чадахгүйгээр алдчихдаг. Чиний хувьд өнөөдөр аавгүйгээр төсөөлөгдөхгүй байгаа тийм зүйл байдаг уу?
-Аав бурхан болоод 12 жилийн нүүрийг үзэх гэж байна. Арай ч эрт явчихвуу даа гэж боддог юм. Аавын зүрхний ихэнх хэсэг нь ажиллагаагүй болоод маш хурдан бие нь муудаж өөд болсон юм билээ. Би тэр үед 21 настай байсан байх. Түүхийн хичээлээр шалгалт өгөх гэж байтал..... (удаан чимээгүй суув) Уг нь аав минь өвчнөө эрт мэдсэн бол Япон яваад эмчлүүлэх боломжтой байсан гэж би харамсдаг юм. Би гадаадад өчнөөн жил тусдаа байсан болохоор аавтайгаа хамт байгаагүй он жилүүдээ хэтэрхий богино байж гэж гонсойдог. Гэхдээ яахав, аав нь бүр эрт буцсан хүмүүсийг бодоход би их азтай. Намайг бага гэхгүй тоож киноны тухай ихийг ярьж өгүүлдэг байсан. Хоёулаа продакшн байгуулаад, сүүдэр ший үзүүлнэ дээ, зохиолыг бичсэн С.Жаргалсайхан, захирал Билгүүн гээд ажиллуулна хэмээн бид хоёр мөрөөддөг байсан юм. Аав хамгийн сүүлчийн удаа над руу залгахдаа “Аавдаа хэлэх юм байна уу?” гэж надаас асуусан. Одоо бодоход аав өөрийгөө мэдэж байсан. Тэгээд надаас асуусныг би мэдээгүй. Дандаа л ээж ярьдаг, гэтэл аав өөрөө залгаад тэгж асуусан нь.... Яг аавыг залгах үед их зав муутай байсан учраас тоймтой юм хэлээгүй. Тиймээс хариултгүй асуулт үлдчихсэн. Аавдаа хэлэх өчнөөн зүйл байгаа болохоор л би өнөөдөр ажил үйлсээрээ хариулах гэж явна даа. Би өнөөдөр ааваасаа “Миний хийж байгаа ажлууд зөв үү?” л гэж асуухыг хүсдэг. Намайг харж, сонсч байгаа гэж итгэдэг учраас тэгж бас асуудаг.
-Зохиолчийнх нь хувьд ямар бүтээлийг нь маш сайн гэж хардаг вэ?
-1994 онд нээлтээ хийж байсан “Адам Ева” жүжгийг нь онцолж унших дуртай. Энэ зохиолыг би жинхэнэ сор бүтээл гэж боддог. Үнэн тасархай жүжиг. Цаг үе нь ороо бусгаа байсан болохоор маш цөөн хүн үзсэн л дээ. Хуучнаар Ленин клубын 300 хүний суудалтай театрт нээлт нь болж байлаа. Н.Наранбаатар найруулагч эрэгтэй дүрд нь тоглож байсан. “Би эрчүүдийг хүснэ” жүжгийг нь бодоход эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие физиологийн асуудал хөндсөн юм шиг ойлгогддог. Цаанаа бол жинхэнэ эр хүний л асуудал. Тэр үедээ өнөөдрийг л тоглож байж. Ерээд оны эхэнд эмэгтэйчүүд “Би эрчүүдийг хүснэ” гээд “чанга хэлэхэд” бас л сонин сонсогдоно. Тэсрэлт хийсэн бүтээлийг үзүүлэхэд тийм эвгүй, таагүй санагдана шүү дээ.
-С.Жаргалсайхан зохиолчийн бүтээлүүд сонин содон нэртэй заримдаа эротик гэмээр өнгө аястай байдаг. Энэ тухай та юу гэж боддог вэ?
-Оюун сэтгэлгээний хувьд аав их залуу сэтгэлгээтэй хүн байлаа. Залуу сэтгэлгээтэй хүн гэж өөрийгөө боддог тухайгаа илэн далангүй хэлсэн. “Чингис хааны нууц түүх” зохиолоос болоод их хааныг муухайгаар харууллаа гэж түүхчид шүүмжилдэг байсан л даа. Миний бодлоор хүнийг хүн талаас нь харуулж чадсан. Хаан ч гэсэн эр хүн шүү дээ гэдгийг айж эмээлгүйгээр тусгаж чадсан гэж боддог. Аав өөрөө миний зохиолыг энэ үед ойлгоогүй байж болноо. Дараа ойлгох цаг ирнээ гэж хэлж байсан.
-Эхний яриа руугаа эргээд оръё. Та гадаадад ажиллаж амьдрахдаа ямар “амбиц”-аар өөртөө ханддаг байсан бэ?
-Япон хүмүүс дунд орохоор би гадаадын хүн болж харагддаг. Хүний газар удаан байхад мэдээж монгол хоол, ундаа идэхийг хүсэхээс эхлээд хэцүү л дээ. Бас монгол гэдэг утгаар дорд үзэгдэхийг би тэвчдэггүй. Би тиймээс бусдаас өөр байхаар шийдсэн. Би энэ замыг нэгэнт сонгосон учраас “японоос нь илүү япон хүн болъё” гэж бодсон. Хамгийн өндөр зэрэглэлтэй компанид нь арван жил ажиллалаа. Салбар хариуцаж ажиллаж үзлээ. Түүнийхээ хүчээр би монгол хүн гэж ийм хүмүүс байдаг юм байна шүү гэдгийг харуулахыг хичээсэн. Ингэж бодож байсан ч монголоо гээлгүй байгаад ирлээ.
-Монголоо алдалгүй японоос нь илүү япон байх зорилго тавьж. Монголоо алдахгүй япон хүн болоход дархлаа хэрэгтэй байх тийм үү?
-Хэцүү л дээ. Усыг нь уувал ёсыг дага гэгчээр япон хүмүүс шиг бөхөлзөөд л, цаг баримтална. Япончуудын сайн чанаруудыг нь гадна талдаа хэвшүүлсэн. Хүний хөгжлийн индексээр тэргүүлж байгаа орны соёлоос суралцчихаад мартана, үгүйсгэнэ гэдэг тэнэг хэрэг. Харин над шиг монгол байвал харин илүү сайн. Нөгөө талааасаа би гадаадад байхаараа зөв байдаг, Монголдоо очихоороо буруу болчихдог байвал бүр ч тэнэг хэрэг.
Гадаадад байхаараа хог хаядаггүй, Монголдоо ирэхээрээ хогоо хаа сайгүй л хаядагтай л адил шүү дээ. Сүүлийн үед долоо наймхан настай жаахан хүүхдүүд ухаалаг утас барьчихсан, англи хэлээр хоорондоо харилцаж байна. Бага жаахандаа гадны хэл соёлд суралцаж болно. Гэхдээ хамаагүй ингэх юм бол монголоо гээнэ. Томчууд бид хүүхдүүдийнхээ монгол гэдэг дархлааг бат суулгаж өгөх хэрэгтэй болж байна. Би хэдийгээр японжсон Билгүүн ч гэсэн монгол дархлаа бат найдвартай байхад өсч хүмүүжсэн хүн. Англиар ярьж хэлд орж байгаа хүүхдүүд түүх соёлоо, язгуур угсаагаа бодож хүндэтгэж чадах уу. Хүмүүсийн сэтгэлийн хатыг сайжруулж, сэтгэл санааны хувьд бэлдэх шаардлагатай байгаа юм. Хүнээ хүн гэдэг талаас нь хэрхэн дархлаатай болгох вэ гэдгийг дунд сургуульд суралцаж байхаас эхлээд зааж зөвлөх хэрэгтэй. Яаж сэтгэлтэй, идэвхтэй монгол хүн бий болгох вэ гэдгийг хүүхэд байхаас нь тархинд нь шингээж өгөх хэрэгтэй. Хүүхдүүдэд хэрхэн амар хялбар аргаар амьдрах тухайгаа л ухуулаад байдаг. Хэцүү болохоор хаячихаж болно, амархан болохоор хийчихнэ гэх ийм л хөнгөн амьдралыг сургаад байна.
Хүүхдэд хэтэрхий ахадсан академик хичээлийг сургуульд зааж байхаар хүн болох талаас нь зааж зөвлөж байх нь зүйтэй. Хоноцын сэтгэлээр юм хийж байгаад орхичихно гэсэн сэтгэлгээг л хүүхдүүдэд суулгаад байгаад дургүй. Япон хүмүүст жишээ нь ийм сэтгэлгээ огт байдаггүй учраас 123 саяулаа дэлхийн шилдэг хүмүүсийн тоонд ороод байгаа. Гадаадад очсон монголчууд ихэнхдээ боолын хөдөлмөр хийж боолын давхаргад амьдардаг. Ингэж зовж мөнгө олох гэж зүдэрч байхаар нутагтаа буцаад ир. Эх орноо хамтдаа хөгжүүлье. Угаасаа хаана ч очсон амар хялбар байхгүй нь ойлгомжтой. Аав, ээж элгэн садныхаа дэргэд бай. Ачийг нь хариулдаггүй юмаа гэхэд нүдэнд нь харагдаад байж бай л даа.
- Олон монгол залуус гадаадад гарч сурч амьдардаг ч эргэж ирэх хүсэлгүй байна. Эх нутагтаа эргэж ирэх сэтгэлийг чинь юунаас уясан юм бол?
-Би сайн аавтай, сайхан ээжтэй юм билээ. Сайхан эх оронтой юм билээ. Багаасаа л их энгийн амьдралд өссөн. Тэгэхээр миний үнэт зүйл, эцэг эхийгээ хайрлан хүндлэх юм байна. Хүн жижигхэн юмнаас л эхлэх ёстой гэж боддог. Тэгэхээр хэзээ ч Монголоо алдаад явна гэж ч байхгүй гэсэн үг л дээ. Ээж, аавын минь энэ эх оронд хайртай болгож өсгөж хүмүүжүүлсэн ач гавьяа тэр байх. Түүнээс биш дуртай зүг рүүгээ “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” гээд тоос татуулаад харайлгаад байж таарахгүй. Арай залуудаа нутагтаа очиж юм хийе дээ гэж бодож явсаар байгаад л ирж байна. Хүний зүрх сэтгэл хаана байна тэр рүүгээ л тэмүүлдэг гэдэг. Монгол хүн гэхээр хэцүү байгаа бүхнээсээ зугтаад нөгөө газар нь хэцүү байхаар тэндээсээ бас нүүчихдэг байж болохгүй. Өөртөө би олон монгол хүний сайн явах, сайхан ажил хийх үүдийг нээж яваа шүү гэж бодож өдий хүрсэн. Онгойлгох уу, хаах уу гэдгийг чи л шийднэ. Тиймээс эцэг эх минь ялангуяа аав минь таны хэлдгээр намайг эх орноос минь бөх уячихсан болохоор буцаж ирэхгүй гээд яахав. Дээр өгүүлсэн дархлаа гэдэг нь тэр л байх. Аавынхаа үргэлжлэл болоод ээжийгээ баярлуулж явъя гэж боддог юм аа. Ээж маань С.Жаргалсайхан сангийн тэргүүнээр ажилладаг. Ээж бол өдий зэргийн явах дайны хүмүүжлийг надад олгосон хүн. Харин аав бол тархийг л хэрхэн ажилуулахыг заасан хүн дээ. Ээжүүд бол дархан эрхтэй. Юу л хий гэнэ бүгдийг нь би хийж өгөх үүрэгтэй.
-Чиний мөрөөдөл юу вэ?
-Монголд хэн нэгэн санаачлаагүй театртай сүм барихыг хүсч байна. Манай театр ариун сүм мэт гэгээн тунгалаг, хэн ч орсон сайхан амраад оюунаа цэнгүүлээд гардаг тийм байгаасай гэж хүсч байна. Бодсон зүйл их бий. Өмнө нь би Ерөнхийлөгч болно гэж мөрөөддөг байлаа. Хөгжилтэй байгаа биз дээ. (инээв) Харин одоо бол “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдгээр 2028 оноос улс төрд хөл тавина.