Суданы армийн шилжилтийн зөвлөл өмнөх Засгийн газрын гишүүдийг баривчилж иргэдийн жагсаал тэмцэлд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Иргэний Засгийн газар байгуулах хүртэл жагсагчид жагсаал тэмцлээ үргэлжлүүлж Батлан хамгаалахын гадаа суулт хийнэ гэжээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш Судан улсад иргэдийн жагсаал тэмцэл үргэлжилж пүрэв гарагт Ерөнхийлөгч Омар аль Баширыг унагаж баривчилсан. Цэргийн эрх мэдэлтнүүд шилжилтийн зөвлөл байгуулж, хоёр жилийн хугацаанд шинэ Засгийн газар бүрдэх хүртэл эрх барихаар болоод байгаа юм.
Армийн төлөөлөгч хошууч генерал Шамс Аддин Шанто ням гарагт хийсэн мэдэгдэлдээ сөрөг хүчний намууд иргэний Засгийн газар бүрдүүлэхээр санал зөвшилцвөл хэрэгжүүлэхэд бэлэн гэжээ. Тэрээр “бид Ерөнхий сайдыг томилох эрхгүй, ард түмэн сонгоно” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн жагсаал, суулт хийж байгаа босогчдыг хүчээр хөөхгүй, гэхдээ улс орны өдөр тутмын амьдралыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд зөвшөөрөлгүй зам талбай хаасан хаалтуудыг авна гэжээ. Армийн шилжилтийн зөвлөл дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
- Арми болон цагдаагийн удирдагчдыг шинээр томилох
- Үндэсний тагнуул, аюулгүйн албаны удирдлагыг шинэчлэх
- Өмнөх эрх баригч намыг мөрдөн шалгаж, авлигатай тэмцэх товчоо байгуулах
- Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрхийг сэргээж, хаалт хоригуудыг цуцлах
- Босогчдыг дэмжин баривчлагдсан цагдаа, аюулгүйн албаны офицеруудыг суллах
- Дипломат албаны үйл ажиллагаа, томилгоог дахин шинэчлэх зэргийг гардан гүйцэтгэхээр болжээ.
Суданы ард түмний амьдрах өртөг нэмэгдсээр байгааг эсэргүүцсэн жагсаал дөрвөн сар гаруйн хугацаанд үргэлжлээд байна. Батлан хамгаалахын сайд Авад Ибн Ауф төрийн эргэлтийг удирдаж 30 жилийн турш эрх барьсан Ерөнхийлөгч Омар аль Баширыг унагасан юм.
Эх сурвалж: www.bbc.com